Үерийн улмаас ХУД-ийн 13-р хорооны зарим сонгогчийг завиар зөөжээ

Үерийн улмаас ХУД-ийн 13-р хорооны зарим сонгогчийг завиар зөөжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Дунд голын орчимд үүсээд буй нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, шийдвэрлэх арга хэмжээг авч ажиллаж байна. Энэ үеэр НОБГ-ын дарга, хурандаа А.Дашням "Багануур, ХУД-ийн 13-р хороонд их уснаас болж зам эвдэрч, сонгогчид явах боломжгүй болсон учир завиар зөөж байна. Мөн СХД-ийн 9-р хороонд зам эвдэрсэн" гэсэн юм.

Нарны замаас Гандийн гудамжийг холбосон түр замыг сэтэлж, хашигдаад байсан усны урсацыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна. Ингэснээр усны түвшин 30 см доошилжээ.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар "Нүхэн гарцыг бид өөрсдөө буюу монголчууд барьсан. Инженерийн шийдэл, чанар стандартын шаардлага хангаж уу гэдгийг энэ удаад шалгалаа. Өртөг өндөр байна, хямдаар хийнэ гээд байдаг, эцсийн үр дүн нь энэ байна шүү дээ. Манайхны барьсан замууд бүгд ус тогтдог эсвэл ус зайлуулах хоолой байдаггүй, байсан ч бөглөрдөг, ажилладаггүй. Сайн инженер хэрэгтэй гэж нэн түрүүнд яриад байдаг минь энэ юм. Жил бүр 420 тэрбум бусад эх үүсвэр гээд их наяд төгрөгийн төлөвлөгөөг танилцуулаад батлуулсан. Бүгдээрээ одоо шинжлэх ухаанч байдлаар хандах хэрэгтэй байна. Үүнийг шууд одоо янзалъя гэвэл төсөв байхгүй" гэлээ. 

Ойрын өдрүүдэд орсон үргэлжилсэн борооны улмаас голуудын усны түвшин нэмэгдэж нийслэлийн зарим дүүргүүдэд үерийн нөхцөл байдал үүсээд байна. Улаанбаатар Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези, усны барилга байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын удирдлагууд газар дээр нь ажиллаж, аюулгүй байдлыг ханган,  шаардлагатай зохион байгуулалтын арга хэмжээг авч байна. 

Тухайлбал Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцны усыг соруулж, хэвийн байдлыг хангахаар ажиллаж байна.