Арын албанд хангалттай зүтгэчихлээ. Одоо тэргүүн шугамд гарч тоглолтоо эхлүүл гэх шахалтыг Д.Амарбаясгалангийн ар , урд нь орж гүйдэг ах эсвэл дүү нар нь анхааруулж эхлээд аль хэдийн хэдэн сарыг үдчихээд байна.
Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар байгуулагдахад дуртай сайдын суудлаа авах хүсэлтийг Л.Оюун-Эрдэнэ удаа дараа Д.Амарбаясгалангаас хүссэн. Ямар ч сайдын суудал түүний хүсэлт биш байсан учир тэр шууд л татгалзаж байжээ.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн газарт мөн л сайд болох боломж нь нээлттэй байсан ч Д.Амарбаясгалан бас л татгалзсан байдаг.
Д.Амарбаясгалан өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын суудал дээрээс хэн дуртай сайдыг бөндгөнүүлж, өөрийн хүссэн шийдвэрээ сайд нарт тулгаж, бас тэднийг чиглүүлж, бүх л албан тушаалтангийн томилгоон дээр зөвшилцөх гүүр болоод сууж байна. Энэ бол ямар ч сайдын эрх мэдлээс илүү том эрх мэдэл мөнөөсөө мөн. Тэр энэ эрх мэдлээ нэг сайдын суудлаар солихыг хүсээгүй учраас 2020 онд, 2021 оны эхээр байгуулагдсан 2 ч засгийн газрын бүрэлдэхүүнээс татгалзсан гол шалтгаан нь мөнөөсөө мөн. Тэр энэ эрх мэдлээ илүү ахиулах гэж өнөөдрийг хүртэл хүлээж, бас чимээгүй инээмсэглэж, алсын зураглаж суугаа нь гарцаагүй юм.
Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын эрх мэдэлд очсон даруйдаа намын даргын суудлыг авах гэж битүүхэндээ горьдсон ч тусыг эс олоод байна. Түүний хувьд намын даргын суудалд өрсөлдөх нь тодорхой. Харин хэнээс ямар дэмжлэг авч, хэрхэн барьж ахиулах вэ? Гэдгээ оновчтой гаргаж чадахгүй сууж байна.Түүний хувьд сүүлийн сар орчим Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазарыг налах болсон. Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумьяабазартай шадарлаж буйгийн цаана МАН-ын даргын сунгаанд өөрийгөө дэмжүүлэх гэсэн үйлдэл нь давхар явж буй. Учир нь Д.Амарбаясгалан Д.Сумьяабазар нар тийм ч тааламжтай харилцаатай байхгүй байгаа. Хоёр тийш хараад эвдрэлцээгүй ч хундага тулгаад найрлах хэмжээнд биш болсон гэдгийг эрх баригч намын 9 давхар байшин дотор амтай болгон нь өгүүлж буй юм билээ. Л.Оюун-Эрдэнэ ганцаардахын эрхэнд Д.Сумьяабазарыг түших гэж гүйж байна.
Хөшигний ард хамгийн сайн стратегич хийж чадаж буй улс төрч бол Д.Амарбаясгалан гэдгийг удаа дараагийн сонгуульд бид харлаа. Тэр У.Хүрэлсүхийг өрсөлдөгчгүйгээр Ерөнхийлөгч болох зураглалыг хийсэн. Үүнийгээ эртнээс төлөвлөж, өөрийнхөө өмнөх бүх замыг өөрөө бус өрөөл бусдаар засуулж, бартаа саадыг арилгаж, бүх боломжийг нээлгэж чадав. У.Хүрэлсүхээр хотын фракцыг хөшиглүүлсэн. Харин Л.Оюун-Эрдэнээр нийгмийн эсэргүүцлийг харьцуулах хэлбэрээр засуулчихлаа. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болоод сайн нэр бус саар нэрийг их зүүчихлээ. Тэгэхээр түүний хувьд тэр өрсөлдөгч биш болж буй нь гарцаагүй.
Д.Амарбаясгалан хөшигний цаана Н.Энхбаяртай хамгийн сайн тохиролцоог хийсэн байгаа. Мөн өнөөдөр зүүний хүчний холбооноос хотын фракц болох М.Энхболдын фракцтай зөвшилцөж, зөвлөлдөж, тохиролцож чадах лидер нь Г.Занданшатар биш. Л.Оюун-Эрдэнэ бол бүүр биш. Тэгэхээр толгойд нь Д.Амарбаясгалан сууж байна. Тэр аль хэдийн тохиролцож, арга билгээ ололцсон сурагтай.
Түүнд одоо ганцхан өрсөлдөгч үлдсэн. Мөн л Д.Амарбаясгалан шиг хөшигний цаана хөзрөө нууж, хуйвалдаанаа хийж, хэрхэн намын даргын эрх мэдлийг өөрийн фракцид шилжүүлэх арга ухааныг хайж байсан С.Батболд. Түүний хувьд өөрөө зүтгэж үл чадах ч өөрийнхөө гарын хүнийг зүтгүүлэх амбиц бол байгаа. Тэр нь Ч.Хүрэлбаатар гишүүн.
Намын даргын өрсөлдөөн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарын дунд өрнөж эцэс сүүлд нь МАН-ын дараагийн даргаар Д.Амарбаясгалан тодорч, эрх мэдлийг гартаа атгах нь тодорхой болжээ. Харин тэр фракцын тэнцвэрийг баримтлан засгийн газрын бүрэлдэхүүнээ томилох л хамгийн хэцүү даалгавартай нүүр тулах нь ойлгомжтой юм.