УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан. Улсад 100 сая төгрөгийн хандив өргөж нэг хэсэг л шуугиулсан. УИХ-ын гишүүн хүн байж хандив өргөх замаар Эдийн засгийн асуудлыг шийдэх гарц гэж муйхарлаж суугаад дургүйцсэн хүн олон байв. Мань хүн сайн хүний дүр эсгэж ийм хэмжээний мөнгийг улсад өгчихсөн үү? Үүнд нь эргэлзэх хүн олон. Харин 100 сая төгрөг улсад өгчхөөд цаанаа ямар санаа өвөртөлж байна вэ гэсэн асуултыг л олон хүн тодруулах гэж хичээсэн гэхэд болно.
Зарим нэг улс төрчийн яриагаар бол Б.Дэлгэрсайхан гишүүний бай нь Улаанбаатар төмөр зам. Уг төмөр замыг өөрийн эрхшээлдээ оруулах гэсэн санаархал эрхэм гишүүнд бий бололтой. Монгол, Оросын хамтарсан эзэмшлийн төмөр замыг Б.Дэлгэрсайхан шууд хувьдаа авна гэж байхгүй. Харин хувийн юм шигээ ашиглах гарцыг л тэр хайгаад байгаа бололтой. Улаанбаатар төмөр замын орлогын гол эх үүсвэр нь Төмрийн хүдрийн тээвэрлэлт. Зорчигч тээвэр, нүүрсний тээврээс хүлээсэн хохирлоо төмрийн хүдрийн тээвэрлэлтээрээ нөхдөг гэж Улаанбаатар төмөр замын учир мэдэх нэгэн ярьж байв. Харин УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Улсдаа 100 сая төгрөгийн хандив өргөж байгаагийн цаана Төмөр замаар Төмрийн хүдэр тээвэрлэх зардлыг 30 хүртэл хувь бууруулах сэм хувилдааныг эхлүүлсэн гэх мэдээлэл чих дэлсэж байна. Эх сурвалжийн өгүүлж байгаагаар энэхүү ажлыг Б.Дэлгэрсайхан гишүүний дэмжлэгтэй Улаанбаатар төмөр замын дарга болсон эрхэм гүйцэтгэхээр ажиллаж эхэлсэн гэнэ.
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нь “Болд төмөр Ерөө гол” ХХК-г эзэмшдэг нэгэн. Уг компани нь 110 сая тонн нөөцтэй төмрийн хүдрийн ордыг эзэмшдэг билээ. Энэхүү орд нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт байрлаж байгаа. Уг ордынхоо төмрийн хүдрийг Хятад улсруу зөөвөрлөхийн тулд Ерөө суманд дахь орд газраасаа Сэлэнгэ аймгийн Дулаанхан тосгон хүртэлх 98 км төмөр замыг мань эрхэм тавьж байсан. Үүгээр зогсохгүй Төмрийн хүдэр зөөвөрлөх 20 зүтгүүр, 3000 вагон авсан гэх мэдээлэл байдаг юм. Уг хөрөнгийг авахын тулд 354 сая ам доллар зарцуулсан гэж Өглөөний сонины 1525 дугаарт гарч байсан байна. 354 сая ам доллар гэдэг бол Монгол Улс Эрдэнэс таван толгойн зүүн цанхийг барьцаалж БНХАУ-ын Чалка компаниас авчихсан зээлтэй дүйцэж байгаа хэмжээ. Монгол Улс ордоо барьцаалж хамаг баялгаа Хятадын компанид өгч байхад Оффшорт данстай бизнес эрхлэгч, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Монгол Улсын баялгийг гадагшаа зөөвөрлөхийн тулд Вагон авч сууж байна гэдэг харамсалтай.
Өөрийн эзэмшлийн 98 км төмөр замтай. Дээр нь Төмрийн хүдрийг тээвэрлэх зүтгүүр, ачааны вагонтой энэ эрхэм одоо Улаанбаатар төмөр замын ачаа тээврийн үнийг 30 хүртэл хувь бууруулчих юм бол улсад өгсөн 100 сая төгрөгөө хэдэн зуун дахин нэмэгдүүлээд олчих юм биш биз. Ийм л боломжийг олж харчхаад сайн хүний дүр эсгэн улсдаа 100 сая төгрөг өгсөн бол тун харамсалтай байна.