МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдөх эрх нээгдсэн эсэх дээрх маргаан өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Түүнийг 2018 онд сонгуульд нэр дэвших эрх нь нээгдэнэ гэсэн мэдээлэл байгаа. АТГ-аас ч ийм тайлбар өгдөг.
Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян намынхаа даргын сонгуульд нэр дэвших эрхтэй гэж үзэж байгаагаа өнөөдөр хэвлэлийнхэнд хандан хэлжээ. Н.Энхбаярын хувьд 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж ялагдсан цагаасаа эхлэн Авлигатай тэмцэх газрын шалгалтад өртөж, шүүхээр ял сонсч, Ерөнхийлөгчөөр уучлуулсан билээ. Мөн түүнд холбогдох эрүүгийн хэргийг 2015 болон 2013 онд батлагдсан өршөөлийн хуульд хамрагдсан эсэх нь тодорхой бус байгаа. Шүүх байгууллага, АТГ-ын зүгээс Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэдгийг мэдэгдсээр байдаг билээ.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьянгийн хувьд Цагдаагийн байгууллагас ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэж Н.Энхбаярт зориулан гаргасан мэдэгдлийг дээд шүүхээр хянуулсан. Дээд шүүх уг мэдэгдлийг буруу гэж үзсэн байгаа. Иймээс Н.Энхбаяр гэдэг хүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой гэж үзэж байгаа гэсэн тайлбарыг өглөө.
МАХН-ын хувьд Н.Энхбаяр даргыгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх бэлтгэл ажлыг сэмхэн хийгээд эхэлсэн гэдэг нь ийнхүү ил болж байна. Тус намын хувьд эртнээс шуугиан үүсгэж Н.Энхбаярын Сонгуульд өрсөлдөх зам мөрийн хаахгүйн тулд чимээгүй байгаа бололтой. Харин өнөөдөр намын даргынхаа өмнө уйлж суудаг хүү нь үг унагачихлаа. Тэд дээд шүүхээс тайлбар гаргуулж байгаад асуудлыг шийдэх гэж зүтгэж байгаа нь тодорхой болов.
Цагдаагийн газраас Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэсэн албан мэдэгдлийг дээд шүүхээр үгүйсгэхээр МАХН-ын хуулийн багийнхан ажиллаж байгаа гэнэ. Тэд дээд шүүх дээр ялалт байгуулчих юм бол Н.Энхбаяр МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой болно. Харин чадахгүй бол МАХН хуульд нийцүүлэн хэн нэгнийг нэр дэвшүүлэх давхар бэлтгэлийг хангаж байгааг МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян мэдэгдчихжээ.
Танд эргэн сануулахад Н.Энхбаярыг АТГ-аас эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл ангиар буруутгаж шүүхээр асуудлыг шийдсэн байдаг билээ.
Н.Энхбаярт Эрүүгийн хуулийн 263.2-т зааснаар оногдуулсан ялыг өршөөж, үндсэн болон нэмэгдэл ялаас чөлөөлсөн Сүхбаатар дүүргийн шүүхийн /хуучин нэрээр/ 326 дугаар шийтгэх тогтоол 2012 оны наймдугаар сарын 2-ны өдөр гарснаас эхлэн 5 жил үргэлжлэх тул энэ хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд 5 жилийн хугацаа дууссаны дараа ялгүйд тооцох хуультай юм. Үүнээс гадна түүнд холбогдох эрүүгийн хэд хэдэн зүйл ангид хамаарах хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа. Иймд Төрийн албаны тухай хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээд ялгүйд тооцох буюу ялгүй болох хугацаа нь дуусаагүй тохиолдолд төрийн албанд томилохыг хориглосон байдаг гэж АТГ-ын хэлтсийн дарга Ө.Энхтөр 2016 онд мэдэгдэж байлаа. Түүний хувьд одоо Цагдаагийн Ерөнхий газрын даргаар ажиллаж байна.