Монгол Улсын Засгийн газар Үндэсний их баяр наадмын зөвхөн Улаанбаатарт үзэгчгүйгээр цахимаар тэмдэглэнэ. Аймаг сумын наадмыг хориглоно гэсэн шийдвэрт хүрсэн тухайгаа албан ёсоор мэдэгдэв.
Үндэсний их баяр наадмыг Улаанбаатарт хийхэд хэн оролцох бэ? Өнгөрсөн жил цахимаар нэртэй наадам хийж жинхэнэ утгаараа хэдэн баячууд, төрийн хэдэн дарга нар тэрүүхэндээ наадамлаж амжсан. Энэ жил яг энэ жишгийг давтах гэж шийдвэр гаргав. Улсын баяр наадмыг Улаанбаатарт хийх мөртлөө хөдөө орон нутагт наадам тэмдэглэхгүй. Сумын баяр наадам хийхгүй. Аймгийн баяр наадам тэмдэглэхгүй гэсэн Засгийн газрын алагчлан, гадуурхсан шийдвэр нь ард олныг ялгаварлан гадуурхаж буй алхам юм.
Улсын баяр наадамд 6 насны морь уралдаж л таарна. Хэдийгээр цахимаар гэж байгаа боловч тэр наадамд 6 насны хүлэг шандас юугаа сорьж л таараа. Харин Улсын баяр наадамд уяач нэртэй хэдэн дарга нар л хурдан хүлэг нэртэй тэжээлийн, допингтой морьдоо сойж өөрсдийгөө баясгадаг билээ. Улсын баяр наадамд малчин ардын морь айраг түрүүнд ирсэн тухай яриа сүүлийн арав хорин жил гараагүй. Харин тэр компанийн захирал, тэр сайдын морь л тэгж ирлээ гэж ам уралддаг билээ. Иймээс энэ жилийн Улсын баяр наадам угаасаа зөвхөн дарга, сайд нарт зориулсан баяр гэдгийг батлан харуулав бололтой. Цахимаар тэмдэглэнэ гэж байх жишээтэй.
Үндэсний бөх, наадмын нээлтийг хийж, цахимаар тэмдэглэх тухай засгийн газар шийдвэрлэв. Цахимаар нэртэй наадмын нээлтэд өнөөх л дарга сайд нар зочилж, хүндэт индерт сууж, хэдэн үг хэлхэж холбон хэлэх гэж наадам хийж байна. Нэг үгээр хэлбэл МАН-ын удирдлагууд бөөндөө наадам нээх гэсэн шуналдаа хөтлөгдөн, шинэ Ерөнхийлөгчөөр наадмын нээлтийг хийлгэх гэж улайрч ийнхүү Улсын баяр наадмыг цахимаар тэмдэглэх шийдвэрт хүрч байна.
Сумын баяр наадамд малчин ард нь морио уяж, дээлийн сугаа ханзартал барилдаж өссөн дэггүй сумын залуус нь зодог шуудагтай ноцолдог жинхэнэ утгаараа ардын наадам болж үлдсэн юм. Тэд энэ жил хоригдоно.
Аймгийн баяр наадам бол алс холоос зориод очсон зон олон нь нутагтаа ирсэндээ баяр хөөр болж, залуу хэдэн харчуул нь сумын наадамдаа түрүүлчхээд аймгийн наадамд даваа ахиулах гэж бяр хүчээ үздэг баяр наадам байдаг юм. Сумын шигшмэл хурдан хүлгүүд суран жолоогоо өргүүлэх суудал өндөлзүүлэн дүүхэлздэг юм.
Жинхэнэ ард олон нь наадаж чаддаг баяр наадмаа хориглож хаах мөртлөө ард олонд угаасаа хамааралгүй болоод удчихсан Улсын баяр наадмаа өөрсддөө зориулж хийдэг засаг төртэй ч байх гэж дээ.