
Хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагууд 07:00-22:00 цагт ажиллана
Улсын Онцгой комиссын шийдвэрээр ресторан, кафе, сүлжээ хоолны газар, түргэн хоолны газар, кофе шоп, цайны газар, буфет, явуулын үйлчилгээтэй хоолны газрын танхимын болон гадна талбайн үйлчилгээг зургадугаар сарын 17-наас долоо хоногийн хугацаатай түр хориглож байна. Түүнчлэн амралт, жуулчны газрын үйл ажиллагааг мөн хугацаагаар хязгаарлахаар боллоо. Тэгвэл Нийслэлийн засаг дарга захирамж гарган хязгаарлалт тогтоогоогүй худалдаа, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэлх хугацаагаар тогтоожээ.
Захирамжаар мөн нийтийн эзэмшлийн болон гэр хорооллын гудамж, зам талбай, аж ахуйн нэгж, байгууллагын барилга, байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэхийг үүрэг болгосон байна. Халдварын тархалтыг бууруулах зорилгоор халдвар хамгааллын дэглэм, тусгай нөхцөл шаардлагыг мөрдүүлэх хяналт шалгалтын үйл ажиллагаанд мэргэжлийн байгууллагууд, дүүрэг, хорооны албан хаагч, хэсгийн ахлагч нарыг татан оролцуулж, батлагдсан дүрэм, журам зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоох, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах юм.