
"Нийслэлийн хэмжээнд 26 мянга гаруй жирэмсэн эх байна" гэж нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж хэллээ. Эдгээр эмэгтэйчүүдийг өчигдрөөс вакцинжуулалтын хөтөлбөрт хамруулж эхэлжээ. Жирэмсэн 26 мянган эхээс 11109 жирэмсэн эх вакцинжуулалтад хамрагдахаар бүртгүүлсэн байна. Дархлаажуулалтад хамрагдах эхчүүдийн нэрсийн жагсаалтыг гарган, зохион байгуулалтад оруулж байна.
"Ойрын үед бороотой, хүйтэн байгаа тул жирэмсэн эхчүүдэд дараалал үүсгэхгүйн тулд цахим хэлбэрээр цаг авч, товлосон хугацаанд нь Файзер вакциныг хийхээр дүүрэг бүрд нь зохион байгуулалт хийн, ажиллаж байгаа" гэж НЭМГ-ын дарга Б:Бямбадорж хэлсэн юм.
Жирэмсэн эмэгтэйчүүдийн хувьд 13-34 долоо хоногтой жирэмсний хугацаанд вакцинжуулалтыг хийх ёстой гэнэ. Хэрвээ 34-өөс дээш долоо хоногтой жирэмсэн бол төрснийхөө дараа вакцинжуулалтад хамрагдах боломжтой аж.
Жирэмсэн эх ковидын халдвар авсан тохиолдолд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагад ажиллаж байгаа Үндэсний их сургуулийн тусгаарлах байранд хэвтүүлэн, мэргэжлийн эмч, сувилагч нарын хяналтад авч байна. Эмнэл зүйн шинж тэмдэг гүнзгийрч, хүчилтөрөгчийн хэрэгцээ үүссэн нөхцөлд Яармагт байрлах Эх, нярайн үндэсний төвд мэргэжлийн эмч нар эмчилгээг нь үргэлжлүүлэх зохион байгуулалттай ажиллаж байгаа. Эх, нярайн үндэсний төвд 300 ор дэлгэсэн бөгөөд нийтдээ 500 орыг ажиллуулж байна.