МАХН гэх намыг дагаар оруулж, МАН-д хадаг барих үйл явц араасаа олон таамаг, эргэлзээг дагуулж байсан билээ. Ихэнх нь МАХН-ынхан намаа татан буулгах замаар МАН-ын гишүүнчлэлээ сэргээх нь гэж харж байсан. Харин нөгөө хэсэг нь МАХН-ынхан дагаар орох нэрээр хэдэн хүмүүс албан тушаалд очих гүүр гэж таамаг дэвшүүлж байсан билээ. Гэтэл энэ бүх таамаг, яриа нь ердөө л Н.Энхбаяр гэдэг ганц хүний эрх ашгийг хамгаалж бусдыг хөсөр хаях шийдвэр байжээ.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан МАН-ынхан МАХН-тай тохирсон тохиролцоог албажуулах сонирхол үнэндээ байхгүй. Тухайлбал Засгийн газарт 3 сайд, 3 төрийн нарийн бичгийн дарга, нэг дэд сайдын суудал өгнө гэж горьдсон МАХН-ын гэх тодотголтой залуус шилний цаанаас чихэр долоосон гэдгээ ойрын өдрүүдэд мэдэрч суугаа гэнэ.МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Тулга, Нийслэлийн МАХН-ын дарга Д.Эрдэнэжамьяан нарын залуус Н.Энхбаяртай уулзах гээд чадахгүй. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн үүдийг захиад уулзаж амжихгүй байгаа гэнэ. Энэ бүхэндээ бухимдсан залуус дор бүрнээ л үглэхээс өөрийг хийж чадахгүй бухимдангуй яваа гэдгийг улс төрийн хүрээнийхэн өгүүлж сууна.
Залуустайгаа уулзахгүй мурьж яваа МАХН-ын дарга Н.Энхбаяр нь хөшигний цаана бүх л тохиролцоогоо хийж, зөвхөн өөрийн амин хувийн эрх ашгаа хамгаалж гүйх дээрээ тулжээ. Нэг үгээр хэлбэл МАХН гэх нэрийг татан буулгаж МАН-д шавар байхгүй байх тохиролцооныхоо төлөө өөрөө Үндсэн хуулийн цэцийн гишүүн болно. Харин хүүгээ Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшүүлэхээр зүтгэж байгаа юм байна. Засгийн газарт МАХН-ын квотоор сайдын суудал энэ тэр авах тухай бодлоо Н.Энхбаяр гээчихсэн гэдгийг тун ойрын эх сурвалж өгүүллээ. МАН-ын зүгээс нөхцөл байдалдаа дүгнэлт хийж МАХН-тай МАХН-гүй ялах байжээ. Иймээс царай алдахгүй гэх үгсийг хоорондоо тохиролцож, Н.Энхбаярын бөөрөнд наалдаж ирсэн МАХН-ны гэх залуусыг хөөгөөд гаргахад буруудах зүйлгүй гэдэг байр суурийг бат хамгаалахаар шийдсэн байна. Үүнийг мэдсэн Н.Энхбаяр буулт хийхийн зэрэгцээ залуусаа гээж, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг хамгаалах хувилбарт шилжсэн гэнэ. Түүний хувьд У.Хүрэлсүхийг бараадаж Ерөнхийлөгчийн багт ажиллах боломж байгаа. Гэхдээ тэр сонголтоос илүү Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр сонгогдож, тэнд нөлөөгөө тогтоож, цэцээр дамжуулан улс төрчдийг атгандаа оруулах алсын бодлыг тээсэн бололтой. Тэр ч үүднээсээ МАН-ын удирдлагад цэц-д очих хүсэлтэй гэдгээ удаа дараа учирлаж, өөрийнхөө замыг зассан байна. Харин хүүгээ Сонгинохайрхан дүүргийн нөхөн сонгуульд өрсөлдүүлж улс төрийн замыг нь засахаар шийджээ. Э.Батшугарыг МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт өрсөлдүүлэхэд татгалзах зүйлгүй. Харин ч баяртай байга сураг дуулдана. Учир нь тус тойрогт хэдхэн өдрийн дараа үүрэгт ажлаа дараагийн Ерөнхийлөгчид хүлээлгэн өгөх Х.Баттулга өрсөлдөхөөр бэлтгэл ажилдаа орсон. Иймээс Х.Баттулгын аманд өмхүүлэх хөнгөн өгөөш болгохын тулд МАН дуртай зөвшөөрчээ. Х.Баттулгад тал засч, бас Н.Энхбаярын хүслийг биелүүлсэн дүр эсгэх хамгийн боломжтой сонголт нь МАН-ын хувьд энэ байх нь.
МАНХ-ын залуус хийнхүү хоёр тийшээ гүйж тусыг эс олсон учраас хэрхэх тухайгаа хэдэн өдөр зөвлөлдөж эхэлжээ. Намаа сэргээх гэхээр өөрсдөө татан буулгачихсан. МАН-д орно гэхээр нэр зүүсэн төдий л үлдэж, албан тушаалд хүрнэ гэдэг алс холын тэнгэр болсон гэнэ. Иймээс Н.Энхбаяр, МАН-ын удирдлагуудыг зүхэж суухаас өөр гарцгүй болжээ.