Оюуны өмчийн улсын бүртгэлийн газраас Монголын сагсан бөмбөгийн холбоог бүртгэлийн зөрчилтэй хэмээн татан буулгах шийдвэр гаргасантай холбогдуулж МСБХ-ны удирдах болон ахмадын зөвлөлийн гишүүд өнгөрсөн сард мэдэгдсэн билээ.
Уг мэдэгдлийн үед МСБХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Р.Цэвэгмэд “Монголын сагсан бөмбөгийн холбоо өнгөрсөн онд шинэчлэгдэн, УБЕГ-т албан ёсоор бүртгүүлж, Гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал, Б.Дамба нар удирдаж эхэлснээс хойш манай тамирчдын амжилт эрс ахьсан. Эв нэгдлийг эрхэмлэн, зөв гольдролд орсны л үр шим. Гэвч МАН-ын дарга М.Энхболд хүүгээ МСБХ-ны ерөнхийлөгч болгохоор санаархаж байгаа нь харамсалтай. М.Энхболд хүүгийнхээ хүслийг биелүүлэхийн тулд Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Р.Содхүүд намын даалгавар өгч, ямар ч үндэслэлгүйгээр МСБХ-ны бүртгэлийг хүчингүй болгох тушаал гаргуулчихлаа.
Төрийн эрх мэдлийг хууль бусаар ашиглаж, аавынхаа нэр хүнд, албан тушаалаар далайлгаж байгаа нь яавч шударга зүйл биш. Бид үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй. Энэ бол Монголын сагсан бөмбөгийн спорт, тамирчдынхаа төлөө хийж байгаа бидний тэмцэл. Бид М.Энхболд болон түүний хүү Анарын хууль бус үйл ажиллагааг эсэргүүцэж, Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргана” гэж мэдэгдэж байсан билээ. Тэдний хувьд энэхүү гомдлоо зохих газарт гаргасан гэдэг мэдээллийг өгч байна.
Монголын сагсан бөмбөгийн тамирчид олон улсын чанартай тэмцээнд томоохон амжилт гаргаад байгаа. Тухайлбал
-Оюутны Азийн АШТ-ийг эх орондоо зохиож, түрүүлсэн.
-Азийн оюутны анхдугаар тэмцээнд эрэгтэй баг V байрт шалгарсан.
-Азийн элсний наадмын 3х3 төрөлд эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн.
-Оюутны ДАШТ-ээс эрэгтэй баг мөнгөн медаль хүртсэн.
-Мини сагсан бөмбөгийн олон улсын тэмцээнд эрэгтэй, эмэгтэй багаараа түрүүлсэн.
Сүүлийн 8 жилийн хугацаанд сагсан бөмбөгийн 2 холбоо ийнхүү хэрүүл тэмцэл өрнүүлсээр өнөөдрийг хүрээд байна. Өмнө нь сагсан бөмбөгийн холбоог талцуулж, асуудлыг даамжруулсан улс төрч нь одоогийн АН-ын дарга С.Эрдэнэ билээ. Түүний хувьд нэг холбоог толгойлж, МСБХ-ны тэмцээн уралдааныг зогсоож, өөрийн холбоон дээр тэмцээн зохион байгуулах болсон.
Харин 2017 оноос эхлэн МСБХ тэмцээн хийж эхлээд байгаа билээ. Гэтэл бас л улс төр орж уг холбооны асуудал хүдэрч эхэллээ гэж ахмад сагсан бөмбөгийн тамирчид халаглаж сууна.