
Буянт-Ухаагийн дэнж дэх анхны нисэх буудлын барилгаа “Алтан гадас ордон” хэмээн нэрийдсэн нисэхийнхэн тус ордон байрладаг “Нисэхийн гудамж”-ыг тохижуулах ажлыг өнөөдөр эхлүүллээ.
ИНЕГ-ын харьяа Иргэний нисэхийн үндэсний төвөөс санаачлан “Нисэхийн гудамж”-ийг иж бүрэн тохижуулах зураг төслийг боловсруулжээ. Тус гудамжинд орших “МИАТ” ХК, “Монголиан эйрвэйз” ХХК, “DHL” карго, Нисэхийн цагдаагийнхантайгаа хамтран тохижилтын ажлыг хийх аж.
“Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудлын анхны байр болох “Алтан гадас ордон” нь монголын түүхэн өв соёлын барилга байгууламжид бүртгэлтэй, их болон урсгал засварын ажлуудыг гүйцэтгэхдээ фасад болон төлөвлөлтийг хөндөхгүй, нэг ч хээг өөрчлөхгүй гэсэн соёлын өвийн дүрэм журамтай нандин барилга юм.