Хоолны газрууд үр дүнгүй хорихыг эсэргүүцэж, заалаар үйлчлэхээ мэдэгдлээ

Хоолны газрууд үр дүнгүй хорихыг эсэргүүцэж, заалаар үйлчлэхээ мэдэгдлээ

Улсын онцгой комиссын өчигдрийн хуралдаанаар коронавирусний халдварын тархалт өндөр байгаатай холбогдуулан хоолны газрууд, кофе шопуудыг танхимаар үйлчлэхийг хязгаарлах, амралт жуулчны баазуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоох тухай шийдвэрийг дахин 10 хоногоор сунгасан. Мөн зургаадугаар сарын 25-ны өдрөөс фитнесс, саун, усан сангууд багтсан юм.

Хоолны газрууд үр дүнгүй хорихыг эсэргүүцэж, заалаар үйлчлэхээ МЭДЭГДЛЭЭ

Тэгвэл өнөөдөр дээрх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үйлчилгээний байгууллагууд "Олон сарын турш үргэлжилсэн үр дүнгүй хөл хорио удаан тэвчлээ. Цаашид ажиллагсдынхаа ар гэр, амьдралыг бодож үйл ажиллагаагаа явуулахаас өөр аргагүй байдалд хүрлээ" хэмээн мэдэгдэл гаргажээ.

Тухайлбал, "Такесан Мисо Рамен" ресторан "Төр засгийнхаа ковидтой тэмцэх бодлогыг хүндэтгэн өнөөдрийг хүртэл хорио цээр, эрүүл ахуй халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталлаа. Заалны үйлчилгээ явуулахгүй бол манайх орлогогүйтэй адил байдаг. Тиймээс заалаар үйлчлэхгүй гэсэн хязгаарлалтын үед үйл ажиллагаагаа зогсоож нилээд олон сар ажилласангүй. 

Ажилчид маань ардаа амьдралтай, үр хүүхэдтэй монгол улсын иргэд. Тодорхой үр дүнгүй удаан хугацааны хорионы улмаас тэд маань амьдралаа авч явахад улам хэцүү болж байна. Сүүлийн үед халдварын тоо ихэссэн нь хоолны газраас боллоо гэж үзэн хязгаарлалт тогтоож байгаа нь оновчгүй байна. Сонгууль хийн, одон гардуулж найр наадам хийлгэн, олон хүний бөөгнөрөл үүсгэн халдвар ихэсгэсэн нь төр засаг. Гэтэл төр засаг яагаад хариуцлага хүлээхгүй байгаа юм бэ! Халдварын тархалтыг зогсоохын тулд төр засаг манлайлан хүний бөөгнөрөл үүсгэх ажлуудаа зогсоох ёстой биш үү?

Тиймээс төр засгийн хариуцлагагүй үйлдлийн хариуцлагыг бид үүрмээргүй байна. Үр дүнгүй хорио, хязгаарлалтууд бидний аж амьдрал, эдийн засгийг сэргээхгүй гэж үзэж байна. Тиймээс өнөөдрөөс үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж заалаар үйлчилж эхэлнэ гэдгээ УОК-т үүгээр мэдэгдэж байна." гэлээ.

Түүнчлэн "World Gym" фитнессийн төв "Бид халамж мөнгө, тусламж, зээл хүсээгүй. Зүгээр л ажлаа хиймээр байна." хэмээн мөн ижил мэдэгдэл гаргасан бол "Vinyl Lounge" "Бид түрээсийн асуудал, зээлийн дарамт, бараа материалын өр, хомсдол, торгууль, шийтгэл, тогтвортой ажиллахгүй байгаа явдал, алдагдлууд гээд тоо томшгүй олон хүндрэлийг даасаар явсан. Цаашид үнэхээр тэвчиж чадахгүй нь" гэжээ.

"Vinyl Lounge"-оос яагаад ийм мэдэгдэл гаргасан талаар асуухад "Бид өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр. Өөр гарц шийдэл юу байна гэдэг талаар ярилцана. Заавал төр засгийг эсэргүүцээд буруутгаад жагсах гээд байгаа юм байхгүй. Бид байр байдлаа илэрхийлэхгүй бол тоож авч үзэхгүй байна. Дуу хоолойгоо нэгтгэж байгаа нэг хэлбэр" гэлээ.

"Champ Fitness" төвөөс тодруулахад "Бид бусадтайгаа адил дуу хоолойгоо нэгтгэж байна. Хөдөлгөөн хийж байгаа хүмүүс дархлаатай байгаа. Гэхдээ ийм газруудыг хаагаад байхаар иргэдийн амьдралд ч, эдийн засагт ч хэцүү байна. Бид ямартай ч эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ эсэргүүцсэн ч маргаашаас үйл ажиллагаагаа зогсоодгоороо зогсооно" гэв.

Энэ мэтчилэн 10 гаруй байгууллага одоогоор мэдэгдэл гаргаад байна.