
Б.Ууганбаяр: Өрхийн эмнэлэгт олгож буй 70 мянган төгрөгийг цалин, хамгаалах хэрэгсэлд зарцуулна
ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлаар өрхийн эмнэлгүүдийн санхүүжилтийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:
"Гэрийн хяналтад 20 гаруй мянган иргэн өрхийн эмчийн хяналт дор эмчлүүлж байна. Эдгээр иргэдэд эмчилгээний багц очно очихгүй, эмчилгээний багц өгөхгүй байна гэсэн мэдээллүүд яваад байгаа учраас тайлбар өгье.
Өрхийн эмч өдөр бүр өвчтөнүүдийн биеийн байдлын талаарх мэдээллийг авч цуглуулах, шаардлагатай тохиолдолд очиж үзэж байна. Өрхийн эмнэлэгт санхүүжилт болгож хоёр сайдын тушаалаар 70 мянган төгрөгийг хуваарилж эхэлсэн. Энэ нь хөнгөн хэлбэрийн нэг өвчтөнг эмчлэх зардал гэж тусгаж байна. Гэвч энэхүү мөнгөн дүн өвчтөнд шууд эм болон эмийн багц болж очихгүй. Өрхийн эмч, ажилчдын цалин болон хамгаалах хэрэгсэлд зарцуулах мөнгө юм. Харин өрхийн эмнэлэг зохицуулалт хийгээд тухайн өвчтөндөө нэн шаардлагатай эм, амин дэм нэмэлтээр өгч байгаа. Цаашдаа Эрүүл мэндийн сайд энэ мөнгөн дүнг нэмэгдүүлж тодорхой хэмжээний эмийн хэрэгсэл, амин дэмүүд өгөх зохион байгуулалтыг хийхээр ажиллаж байна" гэв.
ЭМЯ-ны зүгээс вирусийн эмийг өрхийн эмнэлгээр дамжуулан өгч байгаа бөгөөд энэ нь 70 мянган төгрөгөөс тусдаа ойлголт гэдгийг нэмж хэллээ. Өрхийн эмнэлэгт хяналтад байгаа хүний тооноос шалтгаалаад энэ эм нэг хэсэгт нь 20 ширхэг, заримд нь 10, дээд тал нь 60 ширхгээр очиж байгаа аж. Нөгөө талаас хөнгөн хэлбэрийн заавал эм уух шаардлагагүй хүмүүст эм өгөхгүй байх тохиолдол ч бий.