Итгэлцэл эв нэгдэлтэй байхыг санууллаа

Итгэлцэл эв нэгдэлтэй байхыг санууллаа


Нийслэлийн МАН-ын байгууллагын идэвхтэн, сонгуультны зөвлөлгөөн өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ удаагийн зөвлөлгөөн нь Нийслэлийн МАН-ын 33 дугаар бага хурлаас хойш зохион байгуулсан гурав дахь зөвлөлгөөн бөгөөд УИХ, нийслэл, дүүргийн сонгуульд МАН ялж, төр, засгийн эрхийг барьж байгаа үед болж байгаагаараа, мөн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө болж байгаагаараа онцлогтой. Зөвлөлгөөнд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, УИХ-ын гишүүд,Засгийн Газрын гишүүд болон тус намаас сонгуульт алба хашиж буй эрхмүүд оролцсон.

Арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, “МАН хэзээнээс хэлснээ хэрэгжүүлдэг, амласнаа хийдэг хариуцлагатай улс төрийн институц байсан. Нийслэл, дүүргийн ИТХ-ын сонгуульд олонхи болсон МАН мөрийн хөтөлбөртөө тусгасан амлалтаа биелүүлэх, түүнчлэн иргэдийнхээ итгэлийг алдуулахгүйн төлөө итгэлцэлтэй, эв нэгдэлтэй, хариуцлагатай байх ёстой. Нам болон төрийн албанд томилогдсон ажилтнууд үүрэг хариуцлагаа сайтар ухамсарлан, гишүүд дэмжигчдээ бүх талаар манлайлан үлгэрлэж, намын бодлого шийдвэр, мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байх учиртай. Ингэж чадаж эс чадваас эгүүлэн татах, хариуцлага тооцох зохицуулалт намын дүрэмд нээлттэй байгаа.Нөгөө талаар эдийн засгийн өнөөгийн байдал намаа биш улсаа нэгдүгээрт эрэмбэлэх зүй ёсны шаардлагыг бий болгосон. Ийм учраас намын идэвхтэн, сонгуультан, бага хурлын болон намын хороодын гишүүдийн үүрэг хариуцлагыг сайжруулах үүднээс Нийслэлийн МАН-ын хороо 2017 оныг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарлаж, ёс зүй, хариуцлагын гэрээ байгуулах ажлыг эхлүүлээд байна” гэлээ.

Дараагаар нь МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэлсэн. Тэрээр удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуульд шат шатандаа бэлтгэх, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, эв нэгдэл, итгэлцлээ батжуулахыг нийт намын ажилтнуудад үүрэг болгосон. Ингэхдээ намын дэргэдэх судалгааны байгууллагаас гаргасан судалгаагаар УИХ, нийслэлийн ИТХ-ын сонгуульд МАН-ын гишүүд дэмжигчид 100 хувийн идэвхтэй ажилласан боловч дүүргийн ИТХ-ын сонгуульд өмнөх шатны сонгуульд ялсандаа ханаж, идэвх суларсныг онцолсон. МАН шат шатны сонгуульд өндөр зорилго тавьж, өндөр шаардлагатай мөрийн хөтөлбөр дэвшүүлж, ард иргэдээс өндөр итгэл хүлээсэн. Ийм үед Нийслэлийн МАН-ын хороо “Итгэлцэл-Эв нэгдэл-Хариуцлага” уриатай зөвлөлгөөн хийж байгаа нь цагаа олсон арга хэмжээ болж байгааг онцоллоо. Зөвлөлгөөний төгсгөлд төрийн бүх шатны байгууллагад ажиллаж байгаа МАН-ын гишүүдийг сахилгатай, хариуцлагатай хандахыг үүрэг болгосон уриалга гаргалаа.