Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 1500 орчим ТҮЦ-ийг цэгцлэх ажлыг өнгөрсөн оноос эхлүүлсэн. Нийт ТҮЦ-ийн 80 гаруй хувийг шилжүүлэх шаардлагатай гэж Нийслэлийн газрын албанаас тайлбарлаад байгаа. ТҮЦ эрхлэгчдийн цаана чухам ямар нууц хувилдаан сүлжилдэж байна вэ?
Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл болон хотын Ерөнхий менежер асан Бадрал нарын хувьд хэдхэн аж ахуйн нэгжид давуу эрх олгож түмний нэр ашиглан ТҮЦ эрхлэгч гэх нэрийн дор томоохон мөнгөний ажлыг хийх боломжийг хэсэг бүлэг этгээдэд өгчихжээ. Тухайлбал хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж байгаа нэрийн дор төмөр ТҮЦ-ийг нураах ажлыг 4 жилийн өмнө хийсэн. Оронд нь. "Киг" ХХК-ийн үйлдвэрлэсэн гэх ТҮЦ-ийг хотын гудамжинд байршуулах болсон байна. Нэг ширхэг ТҮЦ нь 10-11 сая төгрөгийн үнэтэй. Ийм үнэ өндөр үнэтэй ТҮЦ-ийг хүн бүр худалдан авч дөнгөхгүй. Иймээс мөнгөөрөө худалдан авсан хүнд ТҮЦ байршуулах газрыг нь зохицуулж өгнө. Мөн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нь өгнө гэх зэргээр мунхруулах ажлыг хийсэн байх юм.
Гэтэл яг ийм ТҮЦ-ийг хийхэд ердөө л 4 сая төгрөг орох тооцоог барилгын компаниуд мэдэгдээд байна. "Киг" ХХК нь 300 ширхэг ТҮЦ үйлдвэрлэж хотын гудамжинд байршуулсан байна. Үүнийгээ иргэдэд худалдаж 3 тэрбум төгрөгийг тус компани олсон байх боломжтой. ТҮЦ эрхлэх бүхий л зөвшөөрлийг нь арын хаалгаар гаргуулж иргэдэд өгсөн байх магадлалтай.
Харин хотын гудамжинд байрлаж байгаа 1500 ТҮЦ-ийн 1200 нь түрээсийнх. Тэдгээрийг өнөөх л "КИГ" ХХК түрээслэж байна. ТҮЦ-ний түрээсийн дундаж үнэ 850'000 төгрөг. Үүнийг бяцхан тооцоолж үзэх юм бол "КИГ" ХХК нь сардаа 1 тэрбум төгрөг жилдээ 12 тэрбум 24 сая төгрөгийг түмнээс шулж түрээс нэрээр цуглуулчихдаг байх нь. Хэрэв энэ үйл ажиллагаагаа 2013 оноос хойш тасралтгүй 4 жил ажиллуулж байгаа гэж үзэх юм бол 46 тэрбум төгрөгийг олчихжээ.
ТҮЦ үйлдвэрлэгчээс гадна бас нэгэн хэний эрх ашгийг хамгаалах гэж байгаа нь ойлномжгүй нэгэн байгууллага байдаг. Тэр нь ТҮЦ эрхлэгчдийн холбоо гэгч юм. Уг холбоо нь ТҮЦ эрхлэгч гэх түрээслэгч нараас 200-300 мянган төгрөгийн хураамж авдаг байна. 1500 ТҮЦ-ээс хураамж авна гэж тооцоох юм бол сард 375 сая төгрөг. Жилдээ 4,5 тэрбум төгрөгийг дансандаа хуримтлуулдаг байх нь. Гэтэл энэ холбоонд хамаарч байгаа ТҮЦ-ний 1200 нь нэг л компанийх. Харин 300 нь тус бүрдээ эзэнтэй. Гэхдээ бас нэгэн гайхшрал татах тоо бий. Энэ нь ТҮЦ эрхлэгчдийн холбооны тэргүүн Б.Дамба юм. Түүний хувьд ганц ТҮЦ ажиллуулж, тэрийгээ үхэн хатан хамгаалагч юм болов уу гэж олон хүн найдсан байх. Гэтэл Б.Дамба нь 36 ширхэг ТҮЦ-ийг ашигтай байрлалд ажиллуулдаг нэгэн. Гэхдээ өөрөө ажиллуулах бус түрий барьдаг түмэн олонд түрээслүүлж мөнгө хүүдийлж суугаа нэгэн юм. Түүний нэр дээрх 36 ТҮЦ-ний дундаж түрээс нь 1 сая төгрөг. Жилдээ 432 сая төгрөгийг түрээснээсээ олчихдог нэгэн бололтой.
Тэгэхээр ТҮЦ эрхэгчдийн холбоо яг үнэндээ 1500 айл өрхийн эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү нэг компани, хэсэг бүлэг эрх ашигтаа хүлэгдсэн хүмүүсийн луйварын сүлжээний улаан хамгаалагч бололтой гэх хардлага албаныхны дунд тархаж эхэлжээ.
Түмний нэрийг барьж ТҮЦ эрхлэгч нэрээр мөнгө олох ажлыг өмнөх нийслэлийн удирдлага хөхүүлэн дэмжсэн нь гашлантай. ТҮЦ-ний түрээсийн бизнесийг ил биш далд, шууд бусаар НИТХ-ын дарга асан Д.Баттулга нь Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл, хотын ерөнхий менежер асан Бадрал нарын уухайлан дэмжиж учигт сэжим гаргаж өгсөн мөнгө босгох луйварын систем бололтой. Тэдний эрхлүүлж ТҮЦ барих дархан эрх өвөртөлсөн "КИГ" ХХК болон Б.Дамба тэргүүтэй "ТҮЦ эрхлэгчдийн холбоо" гэгчийн өвөр түрийндээ орсон бизнес нэртэй түмнийг нэрээр түрий барьсан эрх ашгийн хэлхээс нь өнгөрсөн хугацаанд 71 тэрбум 988 сая төгрөгийн түрээсийн орлоготой ажилласан байх талтай байна. Ийм л учраас гудамжинд замбараагүй байрлуулсан ТҮЦ-ийг цэгцлэх гэсэн Нийслэлийн удирдлагын ажлыг хүчгүйдүүлэх тархи угаалтыг түмний нэр ашиглан сарниулах санаархал байгаа бололтой.