2017 оны төсвийн тодотголыг Монгол Улсын Засгийн газраас УИХ-д өргөн барив. Олон улсын валютын сангийн Өргөжүүлсэн санхүүгийн хөтөлбөрт хамрагдана. Ингэхдээ 7 төрлийн татварыг нэмэгдүүлэх үүргийг Засгийн газар ОУВС-ийн өмнө хүлээсэн. Энэхүү амалтандаа хүрэхийн тулд төсөвт тодотгол хийнэ гэсэн хүлээлт нийгэмд үүсээд байлаа.
Татвар нэмж орлого нэмэгдүүлж, хэмнэлт хийж зардал бууруулна гэсэн амлалт хаана байна вэ? Эрхэм Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат таны хэлсэн, ярьсан, хэрэгжүүлнэ гэсэн бодлогыг чинь төсвийн тодотголоос яаж олж харах хэрэг вэ?
2016 оны 11 сард УИХ-аас 2017 оны төсвийг баталсан. Ингэхдээ Төсвийн орлогыг 6,1 их наяд төгрөг байна. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 23,3 хувь. Харин төсвийн зарлага 8,5 их наяд төгрөг. Энэ нь Дотоодын нийт бүтээгдэхүүний 32,4 хувьтай тэнцүү байна. Төсвийн алдагдал 2,4 их наяд төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 9,1 хувь гэж баталсан билээ. Энэ нь Ж.Эрдэнэбатын засгийн газраас өргөн барьсан төслөөс 800 тэрбум төгрөгийг УИХ дээр хасч баталсан тоо.
7 төрлийн татвар нэмнэ. Бас баахан хүнд дарамтыг аж ахуйн нэгж, иргэнд үүрүүлэхээр болж ОУВС-ийн хөтөлбөрт орохоор болсон Засгийн газрын боловсруулсан Төсвийн тодотголд чухам ямар тоо зурайж байна вэ?
Өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн өргөн барьсан Төсвийн тодотголд 2017 оны төсвийн нийт орлого 6,1 их наяд төгрөг. Баталсан төсөвтэйгээ ижилхэн. Яагаад өмнө нь баталсан төсөвтэйгээ ижил орлоготой болчхов. Учир нь 7 төрлийн татвар нэмж Улсын нэгдсэн төсөвт 300 гаруй тэрбум төгрөг нэмж цуглуулна гэж ОУВС-ийн хөтөлбөрт орохдоо Засгийн газар мэдэгдсэн биш билүү?
Ойлгомжгүй эргэлзээ төрүүлсэн нэгэн тоо нь энэ. Эргэн сануулахад ОУВС-ийн хөтөлбөрт орох болсноор дараах татварыг нэмэгдүүлнэ гэж Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдчихсэн билээ.
- Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татварыг нэмэгдүүлэх;
- Автобензин, дизелийн түлшний онцгой албан татварыг хуульд заасан хязгаарт багтаан нэмэгдүүлэх;
- Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлэх;
- Хувь хүний орлогын албан татварыг шатлалтай болгох;
- Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх;
- Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг авна
Энэ татварыг нэмэх шалтгаан нь Улсын төсвийн нэгдсэн орлогыг өсгөх. Тэгэхээр 2017 оны төсвийг баталсан тоо буцаад ороод ирж байгаа нь татвар нэмэхгүй гэж ойлгох нь зөв үү?
Хэмнэлт хаана байна вэ? Эрхэм Сангийн сайд Б.Чойжилсүрэн та хариулаач?
2017 оны төсвийн зарлагын хэмжээ өсөөд ороод ирлээ. УИХ-аас батлахдаа 8,5 их наяд төгрөг гэж тооцсон билээ. Гэтэл өнөөдөр өргөн барьсан Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн оруулж ирсэн төсөвт 8,7 их наяд төгрөгийн зарлагатай. Төсвийн алдагдал 2,7 их наяд төгрөг буюу ДНБ-ний 10,1 хувь гэж тусгасан байна. Харин 2016 оны сүүлээр баталсан, одоо хүчин төгөлдөр Төсвийн хуульд 2,5 их наядын алдагдалтай байгаа билээ.
Хүүхдийн мөнгө өгөх тоог хасч, баахан хэмнэлт хийнэ гэж уран донгодсон Засгийн газар амалсан амлалтаа таг мартаж ажил хийсэн болж харагдахын тулд Төсөвт тодотгол хийх гэж байгаа юм биш биз.