Босоо улс төрч хэмээн 2012-2016 оны хооронд цоллуулж байсан эрхэм бол С.Ганбаатар. Түүний хувьд Дархан-Уул аймгаас сонгогдох улс төрчийн тэргүүн эгнээнд бичигдэж байлаа. Гэтэл 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдал хүлээчихсэн. Хэн ч түүнийг ялагдана гэж төсөөлөөгүй гэхэд болно. Хэрэв тэр уг сонгуульд ялчихсан бол 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ногоон гэрлээр нэр дэвших эрхээ өвөртлөх байв. Түүний зорилго ч энэ байсан. Харин өнөөдөр тэр мөрөөдлийнхөө төлөө аль нэг улс төрийн хүчнийг царайчлах хэрэгтэй болчихлоо. Түүний бай нь МАХН.
МАХН-ын зүгээс С.Ганбаатартай ямар нэгэн яриа хэлэлцээрийг өнөөдрийг хүртэл эхлүүлээгүй. МАХН-ын нэр дээр парламентад сууж байгаа ганц дайчин бол О.Баасанхүү. УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд заавал Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас хүн нэр дэвшүүлэх хэрэгтэй гэсэн тайлбарыг өгөх болсон. Гэхдээ тэр хэнийг намаасаа нэр дэвшүүлэх тухай огт хөндөхгүй явна. Харин МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяны хувьд тус намаас Ерөнхийлөгчийн сонгуульд намынх нь дарга Н.Энхбаяр л нэр дэвших эрхтэй. Тэгж дэвших эрх нь хуулийн хүрээнд бүрдэнэ гэдэг тайлбарыг өгсөн. Н.Энхбаярыг ногоон гэрэл, цагаан шугамаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдүүлэхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. Иймээс л МАХН-ын зүг С.Ганбаатарын харц бэлчиж, нүд нь гүйх болжээ. Харин хөл нь шогшиж байгааг харсан хүн хараахан алга.
С.Ганбаатарын хувьд МАХН-ын зүгээс өөртэй ч уулзах хүсэлт тавих юм бол дуртай хүлээн авна. Яриа хэлэлцээр хийх хүсэлтэй гэдгээ илэрхийлээд байгаа. Харин түүнийг сонирхож, хүсэлд нь дөрөө өгөх боломжийг МАХН олгох эсэх тун эргэлзээтэй болж эхэллээ. Учир нь МАХН-ын удирдлага МАН-ын дарга М.Энхболдтой сэм уулзах болсон гэх мэдээлэл гарах болов. Үүний цаана МАН-ын дарга М.Энхболдын хувьд МАХН-аас өөрийнх нь саналыг зулгаах хүн биш, АН-ын нэр дэвшигчээс санал зулгаах хүн өрсөлдүүлэх яриа хэлэлцээр хийгээд эхэлчихжээ. Үүнд С.Ганбаатар багтахгүй нь ойлгомжтой.