Б.УНДАРМААД ОНОГДУУЛСАН 40 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ ДАВЖ ЗААЛДАНА

Б.УНДАРМААД ОНОГДУУЛСАН 40 САЯ ТӨГРӨГИЙН ТОРГУУЛИЙГ ДАВЖ ЗААЛДАНА

УИХ-ын гишүүн Б.Ундармааг албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц хэмжээний хохирол учруулсан үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, шүүхээр хэргийг хэлэлцсэн байдаг. Танд эргэн сануулахад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 буюу “Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсний дагуу 2,6 жилийн хорих ял оноосон байдаг билээ. Гэвч давж заалдах шатны шүүхээс хорих ялыг нь хасч, 40 сая төгрөгөөр торгох шийтгэлийг Б.Ундармаад оногдуулж байсан юм. 

УИХ-ын гишүүнээр ажиллах хугацаандаа ЖДҮ-ээс зээл авсан, мөн өөрийн хувьцаа эзэмшдэг банкны асуудал нь сөхөгдсөн зэрэг асуудалд нэр холбогдсон ч 40 сая төгрөгөөр торгуулаад өнгөрсөнд иргэд бухимдаж, прокурор эсэргүүцэл бичсэн билээ. 

Ийнхүү  Б.Ундармааг давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг Дээд шүүхийн хяналтын шат хэлэлцэх юм. 2021 оны 6 дугаар сард хуралдах байсан хяналтын шатны шүүх хурал удаа дараа хойшлогдсон бөгөөд энэ 7 хоногт хэлэлцэх тов гараад байна.