Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хүсэлтэй гэдгээ аль эрт илэрхийлсэн. Гэвч түүнийг ногоон гэрлээр зам нэвтрүүлэх боломжийг Ардчилсан нам олгохгүй. Харин ч Н.Алтанхуягийг хэрхэн дэвшүүлэхгүй байх вэ? гэсэн хувилдаан л тус намд өрнөж байх шиг байна. Н.Алтанхуяг өөртөө боломж үүсгэхийн тулд АН-ын даргын сунгаанд өрсөлдсөн. Амжилт олоогүй. Одоо болж байгаа дотоод Сонгуульд Н.Алтанхуягийн тэргүүлдэг Алтангадас фракц ач холбогдол өгсөнгүй. Тэгэхээр Н.Алтанхуяг ба түүний нөхөд дараагийн нүүдэлдээ далдуур орчихсон бололтой. Тэд чухам хаашаа хэрхэн нүүх бол гэдэг сонирхол татаж байна.
Хаашаа нүүх вэ?
Н.Алтанхуягт нэгэнт Ардчилсан нам боломж олгохгүй бол тэр Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх өөр улс төрийн хүчний нөмөрт очиж хорогдож болзошгүй. Учир нь түүнийг Авлигатай тэмцэх газраас зүгээр суулгахгүй байгаа билээ. Тэгэхээр л түүний хувьд өөртөө хүрд эргүүлэх боломжийг бүрдүүлэхийн тулд эцсээ хүртэл тэмцэх нь гарцаагүй. Үүний тулд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжоо өөртөө бий болгохын тулд МАХН-тай найзлах битүүхэн хүсэл түүнд байгаа гэнэ. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Н.Алтанхуяг ба МАХН-ын удирдлага сэм уулзсан гэх мэдээлэл гарч байна. Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нарын нөхөрлөл эртнээс эхлэлтэй. Тэд энэ удаад ч өвөр түрийндээ орсон нөхөрлөлийг бий болгох боломж байгаа юм. Учир нь энэ хоёр улс төрчийн хувьд Ц.Элбэгдорж гэх эрхэмтэй тооцоо бодох битүүхэн хүсэлтэй яваа нь гарцаагүй. Хэн хэн нь энэ л хүнээс болж хохирсон гэх итгэл үнэмшилтэй гэдгээ хэлэх үг, хийх үйлдэл бүрээрээ илтгэж байдаг. Тэгэхээр түүний хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшиж Н.Энхбаярын чадахгүй байгаа орон зайг эзлэх бодол тээсэн байх нь ээ. Харин тэрхүү алсын бодлыг нь дэмжиж, дээлийнх нь захыг мушгих үүрэг Н.Энхбаярт оногдож байх шиг байна.