МАН-ын зүгээс 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө Бид зүтгэнэ. Хамтдаа хөгжинө гэсэн амлалтыг өгч байсан билээ. Тэд нэг ч төрлийн татвар нэмэхгүй. Ажлын байрыг нэмэгдүүлнэ. Иргэдийн амьдралыг өөд нь татна. Хүүхдийн мөнгийг алагчлахгүй олгоно. Ахмад настангууддаа ач санана гэх мэтээр нийгмийн халамжийн уран гоё, утга агуулгатай амлалтыг өгч байсан. Харин ганцхан жилийн дараа л уг амлалтаа мартаагүй ч мартах хэмжээнд сэтгэж, шалтаг шалтгааныг хайсаар байгаагийн илэрхийлэл нь зарим нэг ажлын нь шийдэл, шийдвэрээс харагдаж байна. Тухайлбал 2017 оны төсвийн тодотголыг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-д өргөн бариад байгаа билээ.
Уг төсөлд 2017 оны нэгдсэн төсвийн орлогыг 300 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж тусгасан. Ингэхдээ 7 төрлийн татварыг нэмэгдүүлнэ. Тэгсэн хэрнээ хачирхалтай нь 2016 оны сүүлээр баталсан энэ жилийн төсвийн орлоготой ижилхэн 6,1 их наяд төгрөг байгаа нь хачирхалтай. 300 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн төсвийн орлого 6,4 их наяд төгрөг болно гэсэн ойлголт шууд л бууна биз. Гэтэл сангийн яамны сайдын тооцоололд өөр байдаг бололтой. Өнөөх 20 мянган хувьсагч гэж яриагүй нь аштай юу даа.
Ямартай ч зүтгээд өг гэж түмэн олон нь итгэл хүлээлгэсэн ч зүгээр л шалтаг яриад, шал худлаа мэдээлэл тараагаад, өмнөх намаа муулаад өөрсдөөсөө бүх хариуцлагаа холдуулаад л хамаг хариуцлагыг ард түмний нуруун дээр үүрүүлчихээд сууж байгаагаа МАН-ынхан маш их ажил хийсэн гэж үзэж байгаа бололтой. Үүнийг илэрхийлэх ганцхан жишээ нь МАН-ын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн амлалтыг нэхсэн Eagle телевизийн сэтгүүлчийн асуусан асуултанд хариулсан хариултаас харж болно.