Европын эмийн агентлаг Модернагийн вакциныг 12-17 настай хүүхдүүдэд хийхийг зөвшөөрөв

Европын эмийн агентлаг Модернагийн вакциныг 12-17 настай хүүхдүүдэд хийхийг зөвшөөрөв

Европын эмийн агентлаг Модернагийн Spikevax вакциныг 12-17 настай хүүхдүүдэд хийхийг зөвшөөрөв. Энэ насны 3732 хүүхдэд хийсэн судалгааны үр дүн эерэг гарсан тул ийм шийдвэр гаргажээ. Тус вакцин ковид-19 вирусний эсрэг дархлаа тогтоож байгааг судалгаагаар баталсан байна.     

АНУ-д төвтэй Модерна компаниас өмнө Pfizer-BioNTech компанид хүүхдүүдэд тарихыг зөвшөөрлийг олгосон юм.

Амстердам  хотод төвтэй Европын эмийн агентлаг Spikevax вакциныг хүүхдүүдээс гадна насанд хүрэгчдэд тарихыг ч зөвшөөрчээ. Тун хоорондын зай дөрвөн долоо хоног байна.

Moдернагийн вакцин тариулсан 2163 хүүхдээс халдвар авсан тохиолдол гараагүй аж. Харин вакцин тариулсны дараа хүүхдүүд ч халуурах, гар хүндрэх, хавдах, ядрах, толгой, булчин, гэдэс өвчих, чичрэх, бөөлжих гэх мэт зовуур илэрчээ. Эдгээр зовуур тариулснаас хэд хоногийн дараа арилна.     

Гэвч судалгааг өргөн хүрээнд хийгээгүй тул хүүхдүүдийн зүрхний булчинд үзүүлэх сөрөг нөлөө (ийм сөрөг нөлөөний магадлал маш бага)-г хэмжих боломжгүй байжээ. Европын орнуудаас Голландад 12-16 насны хүүхдүүдэд Pfizer – BioNTEch вакциныг тарьж байна. Дельта хувилбар олон оронд хурдацтай тархсаар байгаа тул Европын орнууд хүүхдүүдээ дархлаажуулахаар төлөвлөж байгаа юм.       

Вакцин биднийг хэрхэн хамгаалдаг вэ?

Spikevax вакцин RNA (mRNA) хэмээн нэрлэдэг молекул агуулдаг. Ковид-19-ийн вирус хүний биеийн эсэд нэвтрэхдээ гадаргуу дээрх уургаа ашигладаг байна. Хүний биед вакцин тарихад тухайн хүний зарим эс RNA (mRNA) молекулыг таньж, түр хугацаагаар уураг ялгаруулдаг. Энэ үед бидний дархлаа тэрхүү уургийг гаднын биет гэж үзэн, эсрэг биетүүд ялгаруулан, түүн рүү дайрахаар цусны цагаан эсүүдийг хөдөлгөөнд оруулдаг. Вакцин тариулсан хүн халдвар авбал  түүний дархлааны систем вирусийг таньж, биеийг түүний эсрэг хамгаалалтад бэлтгэдэг. RNA (mRNA) молекул тариулсан хүний биед үлддэггүй, хэсэг хугацааны дараа задран, биеэс гадагшилдаг аж.  

Эх сурвалж: BBC