Бэрдээ л итгэхээс журмын нөхөддөө итгэдэггүй Д.Баттулгыг Нийслэлийн АН-ын дарга болгохгүй гэнэ
Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Д.Баттулга болон Ш.Түвдэндорж нар өнгөрсөн амралтын өдөр бямба гарагт Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж, сонирхсон асуултад нь хариулсан юм. Нэр дэвшигч Д.Баттулгын хувьд хурлын эхэнд “Би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Аав ээжийн минь ариун голомт, дунд сургууль, ажил мэргэжил, гэр бүлийн минь бүхий л нандин дурсамж энэ хоттой салшгүй холбоотой. Ардчилсан нам бол нийслэлийн хөгжлийн зүтгүүр хүч болж чаддагийг өнгөрсөн жилүүд харуулсан. Миний хувьд эрх чөлөө ардчиллын төлөө тэртээх он жилүүдэд өлсгөлөн зарлаад тэмцэж байхдаа нэг л зүйлийг боддог байсан. Тэр бол хэцүү ажлын ард бид хамтдаа гарч чадна. Хэрвээ би нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдвол есөн дүүрэг, 152 хорооныхоо АН-ын гишүүн бүрийн хамтрагч нь байж, нийслэлчүүдийн итгэлийг дахин олохын төлөө хүчээ дайчлах болно” гэдгээ илэрхийлэв.
Ийнхүү түүнийг хөтөлбөрөө танилцуулах үеэр танхимд суусан гишүүдийн дундаас “17 жилийн турш СБД-ийн АН-ын дарга байсан Д.Баттулга өөрийнхөө бэрийг хэд хоногийн өмнө дүүргийнхээ намын дарга болгосон. Бас бэрээ СБД-ийн Засаг дарга болгож, дүүргийн орлогчоор өөрийнхөө хамаатныг тавьж, Тамгийн газрын даргаар мөн садны хүнээ томилсон гэж яригдсан. Баттулгын энэ үйлдэл нь намын нөхдөдөө итгэдэггүй, хамтран зүтгэх боломжгүй мэт санагдлаа” хэмээн ярьсан юм.
Харин нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн хувьд анх Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд үүрийг байгуулж даргаар нь ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 1994 оноос АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож 280 гаруй суманд ажилласан туршлагатай нэгэн гэнэ. Тэрбээр 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн АН хоёр тамга, даргатай болж хуваагдаад байсан талцал, тэмцлийг эвлэрүүлж 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтад голчлон нөлөөлсөн гэж намын нөхөд нь үнэлдэг аж.
Түүний хувьд өрсөлдөгч Д.Баттулгатай харьцуулвал мөрийн хөтөлбөрөө илүү тодорхой, оновчтойгоор задалж тайлбарласан нь хүмүүсийн анхаарлыг татаж байлаа. Тухайлбал, гишүүдийнхээ олон ургальч байр суурийг сонсож, хүлээн авч, багаар ажиллах соёлыг намын бүх шатны үйл ажиллагаанд хэвшүүлэн ажиллахыг хөтөлбөртөө тусгасан нь гишүүдийнхээ талархлыг хүлээж байв. Мөн нэгдмэл бодлогынхоо хүрээнд одоогийн хотын удирдлагуудын гаргасан бодлого шийдвэрт үнэлэлт өгч, олон нийтийн дунд санал асуулга, хэлэлцүүлэг явуулж, шинжлэх ухаанч хандлага бүхий намын институцийг байгуулна гэсэн нь гишүүддээ улам ихээр итгэл төрүүлж байв.
Ямартай ч хурлын төгсгөлд Ш.Түвдэндорж намын гишүүддээ төдийгүй нийгэмд нээлттэй байж, нийгмийн өндөр боловсролтой, идэвхи санаачлагатай хэсгийг эгнээндээ нэгтгэхийг зорьж байгаагаа илэрхийлж байсан юм
С.Уул
Өглөөний сонин