Цуврал нийтлэл-1
2019 оны 12 сард БНХАУ-ын Ухань хотод нэгэн үл мэдэгдэх шинэ төрлийн ханиад бүртгэгдсэн нь хожим Коронавирус буюу шинэ төрлийн САРС-ын нэг хэлбэр “Ковид-19” гэж нэрлэгдэх болов. Улмаар цар тахал хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн ба дэлхий нийтээрээ тус тахлын өмнө өвдөг сөхөрч, эдийн засгийн бүхий л салбарт хүндрэл, эрсдэл, шинэ сорилтуудыг авчрав. “Great Lockdown” гэж нэрлэгдсэн хатуу хөл хориог дэлхийн бараг бүх улсын засгийн газрууд авч хэрэгжүүлэв.
Монгол Улс 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс олон улсын зарим боомтуудаа хаасан. Түүнээс хойш Монгол Улс нийт таван удаа хатуу хөл хорионы дэглэмд шилжсэнээс үүдэн эдийн засгийн эргэлт саарч, макро эдийн засагт олон бэрхшээлүүд тулгарч эхэлсэн. Эдийн засаг хасах таван хувийн өсөлттэй буюу өөрөөр хэлбэл агшилттай гарсан нь сүүлийн 20 жилийн сөрөг рекорд байлаа.
2020 оны эцсээр Монгол Улсын төсвийн тэнцэл 4.5 алдагдалтай байсан нь хүлээгдэж байсан орлогын 50 хувьтай тэнцэж байв. Дотоодын нийт бүтээгдэхүүн агшсаар байв. 2020 онд эдийн засаг улирал дараалан уналттай байсан нь Монголын эдийн засаг хямарсан байна гэдгийн тод илрэл гэж үзнэ. Тухайлбал, сүүлийн 6 жилийн эдийн засгийн хамгийн муу үзүүлэлт гэж болох индикатор нь 2020 оны 1 сард эдийн засгийн өсөлт -10.7 хувьд хүрсэн. Өөрөөр хэлбэл 2019 оны 1 сард эдийн засгийн өсөлт сүүлийн 6 жилийн оргил үедээ буюу 8.8 хувьд хүрч байсан бол яг жилийн дараа огцом -10.7 хувьд хүрэв. Учир нь Хятадын Ухань хотод ковидийн дэгдэлтийн оргил үе байсан учраас манай нүүрс, зэсийн экспорт зогссон нь эдийн засагт шок үзүүлсэн байна. Ерөнхийдөө экспортын уналт нь эдийн засгийн хямралд шууд нөлөөлж байгааг үзэхэд манай улсын эдийн засаг уул уурхайгаас улам бүр хараат болсон гэдгийг харуулж байна.
Уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2019 онд өмнөх оноос 0.4 хувиар буурсан ч нийт эдийн засаг 5.2 хувиар өсөж байсан бол 2020 онд уул уурхай, олборлолтын салбарын үйл ажиллагаа 9.4 хувиар буурснаар нийт эдийн засаг 5.3 хувиар агшсан байна.
График 1: Уул уурхайн голлох бүтээгдэхүүний экспорт
Эх сурвалж: ҮСХ-ны статистик мэдээ.1212.mn
Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний улиралд 6,938 хүнд 13.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1,670 (31.7%) хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 659.0 (5.1%) сая төгрөгөөр өссөн байна.[1]
Мөн 2021 оны 1 дүгээр сард нийгмийн даатгалын сангийн орлого 16.8 тэрбум, 2 дугаар сард 18.9 тэрбум, 3 дугаар сард 0.8 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нийгмийн даатгалын хөнгөлөлт чөлөөлөлтөөс гадна ер нь шимтгэл төлдөг ажиллагсдын тоо буурсантай холбоотой байж болох юм. Учир нь Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас хийсэн судалгаагаар олон жижиг дунд үйлдвэрийн газрууд ажлын байраа цомхотгосон байна. Үндэсний статистикийн газраас хамтран гаргадаг Хөдөлмөр эрхлэлтийн судалгаанаас үзэхэд ажилгүй иргэдийн тоо өссөн (хөдөлмөр оролцооны аргаар тооцсон байдлаар) байна. Тухайлбал хөдөлмөрийн идэвхтэй эмэгтэйчүүдийн 50 хувь нь тогтмол орлого олох ажлын байргүй байна.
2021 оны эхний улиралд нийгмийн даатгалын санд 828.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн нь өмнөх оныхтой харьцуулахад 36.1 тэрбум (1,04 %) төгрөгөөр буурсан үзүүлэлттэй байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр Монгол улсын хэмжээнд ажилгүйдэл 12.8%-тай байна. Нийт ажиллагчдын тоо 1,170,455 байна.
Харин 2019 онд ажилгүйдэл 17.8%-тай байсан бол цар тахлын үед эсрэгээрээ ажилгүйдэл буурсан байна. Энэ нь ажилгүй хүн гэж хэнийг хэлэх вэ гэсэн тодорхойлолт нь бодит амьдралтай нийцэхгүй байгааг харуулж байж болох талтай. Өмнө дурдсанчлан, хөдөлмөр оролцооны аргаар буюу хөдөлмөрлөх насны хүн амын тоог, ажиллаж байгаа хүн амын тоотой харьцуулахаар 800 мянга гаруй ажилгүй иргэд байна гэдэг судалгаа гарч ирж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны захиргааны статистикийн мэдээллээр аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэдийн тоо 2021 оны 2 дугаар сарын эцсийн байдлаар 23.3 мянга болжээ. Үүнээс 15.5 (66.3%) мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 7.8 (33.7%) мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 8.0 (51.6%) мянга нь эмэгтэйчүүд байна.
График 2: Ажилгүйдлийн статистик
Эх сурвалж:ҮСХ-ны статистик мэдээ.1212.mn
5 дугаар сарын байдлаар улсын хэмжээнд инфляц албан ёсоор 2.5% байсан. Хүнсний бүтээгдэхүүний үнэ 2021 оны эхний улирлын байдлаар 8.3 хувиар өсөж энэ дундаа сүү, сүүн бүтээгдэхүүний үнэ хамгийн их буюу 18.6% өсжээ. Махны үнэ 8.3%-ийн өсөлттэй байна. Үйлчилгээний салбарууд хатуу хөл хорионы үеэр ажиллахгүй байсан ч хувцас, барааны үнэ харьцангуй тогтвортой байгааг статистик мэдээ харуулж байна. Гэсэн хэдий ч ард иргэдийн дунд хоол хүнсний үнэ өссөөр байгаа хэмээн шүүмжлэл бий. Энэхүү судалгааг хийх явцдаа цөөн хэдэн жижиг дэлгүүрийн худалдагч нартай ярилцаж үзлээ. Нийлүүлэлтийн доголдол үүссэн учраас үйлдвэрлэгчид, бөөний худалдааныхан бүгд үнээ нэмж байгаа гэсэн тайлбарыг өгч байв. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 2021 оны 3 дугаар сарын эцэст 1.0 их наяд төгрөг болж, өмнөх сараас 20.0 (1.9%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 158.2 (18.7%) тэрбум төгрөгөөр өсжээ. Мөнгөний нийлүүлэлт өсөж байгаа, нөгөө талаас хил дээр татан авалт удааширч буй нь ирээдүйд инфляцыг өсгөнө гэх айдсыг бий болж байна. Үүний баталгаа болж 7 дугаар сард буюу хоёрхон сарын дотор инфляц 6,6 хувьд хүрлээ.
Улсын нийт гадаад өр 2020 онд 32.2 тэрбум ам.доллар болж, өмнөх оноос 1.5 (4.8%) тэрбум ам.доллар, өмнөх улирлаас 969.4 (3.1%) сая ам.доллароор өссөн байна.
График 3: Монгол улсын нийт гадаад өр
Эх сурвалж:ҮСХ-ны статистик мэдээ.1212.mn
ҮСХ-ны статистик мэдээнээс үзэхэд ажилгүйдэл буурсан мэт байгаа нь цар тахлын үед ажлын байраа сайн хадгалсан гэх дүр зургийг харуулж байгаа хэдий ч, хөдөлмөр оролцооны аргаар тооцвол ажилгүйдэл өссөн байх магадлалтай байна. Ажилгүйдлийн тэтгэмж авч байгаа иргэд болон нийгмийн даатгалын орлого буураад эхэлсэн нь ажиглагдаж байна. МҮХАҮТ-аас санал асуулга явуулахад ажил олгогч нар ажлын байрыг цомхотгоно гэж түлхүү хариулжээ.
Хатуу хөл хорионоос үүдэн эдийн засгийн эргэлт саармаг байгаа учраас иргэд мөнгөө хадгалуулахыг илүүд үзэх болсноор валютын болон төгрөгийн хадгаламж огцом өсжээ. Цар тахлын үед эдийн засгийн чухал ач холбогдол бүхий хилийн боомтууд дээрээ халдварыг тархаахгүйгээр нүүрс, зэсийн экспортоо нэмэгдүүлж чадвал эдийн засгаа богино хугацаанд сэргээх боломж гэж харж байна. Дараагийн нийтлэлээрээ цар тахлын үед МУ-ын Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар бичих болно.