Говь-Алтай аймагт усан бассейн ашиглалтанд орлоо

Говь-Алтай аймагт усан бассейн ашиглалтанд орлоо

Орон нутагт шинэ соёл, зөв хандлагыг түгээж улсын төсөвт газар ашигтай ажиллаж болдог гэдгийг харуулахыг зорьж байна.

Говь-Алтай аймагт 4,3 тэрбум төгрөгийн өртөг бүхий усан бассейн шинээр ашиглалтанд орлоо. Ингэснээр алслагдсан говь нутгийнхан усанд сэлж сурах боломж бүрдэж байгаа юм. Тус газрын захирлаар томилогдсон М.Мягмарбаярын яриаг уншигчиддаа хүргэе.

Та яагаад хөдөө орон нутагт ажиллах болсон бэ? Ривер клубд багшилж байсан хүн хөдөө очсон гэхээр итгэж өгөхгүй л байна. Хөгжлийн эрс тэс ялгаа байгаа шүү дээ.

М.Мягмарбаяр: Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Би багаасаа таеквондогийн урлагаар хичээллэсэн. ОУХМ цолтой. Их сургуулиа төгсөөд таеквондогийн 2 клубээ нээсэн. Ривер клубд 2016 оноос хойш багшилж байсан. Мундаг хүн болчхоод нутгаа хөгжүүлнэ дээ, ирж ажиллана даа гэж боддог байлаа. Гэхдээ одоо л эхлэхгүй бол болохгүй юм байна. Нутгийнхаа хөгжлийн төлөө өөрийн мэддэг чаддаг бүхнээ зориулья гэсэн хүсэл өвөртлөөд хотод байгаа бүх ажлаа орхиод ирсэн.

Анх нутагтаа ирээд ямар бодол төрсөн бэ?

М.Мягмарбаяр:Нутагтаа ирээд харж байхад ялангуяа залуучуудад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, гарааны бизнесээ эхэлж байгаа залуучуудад бизнесийг нь дэмжих орчин нөхцөл муу байдгийг анзаарсан. Манай аймагт өмнө нь усан бассейн байгаагүй. Сэлж чаддаг хүн ховор. Харин усан бассейн ашиглалтанд орсноор алслагдсан говь нутгийнхан маань усанд сэлж сурах, эрүүл мэнддээ анхаарах, цаашлаад энэ чиглэлийн тамирчдыг бэлдэхэд маш том түлхэц болж байгаа юм. Залуу хүний хувьд бас нэг анзаарсан зүйл бол хүмүүсийн харилцааны соёл, хувь хүний хөгжил нилээн хоцрогдсон юм уу даа гэж ажиглагдсан. Тийм учраас усан бассейнаа ажиллуулахын зэрэгцээ шинэ соёлыг түгээе, хувь хүний хандлагын талаар сургалтуудыг ч бас тогтмол явуулна гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

Та байгууллагынхаа талаар товч танилцуулахгүй юу?

М.Мягмарбаяр: Манай байгууллага 4,3 тэрбумын өртгөөр баригдсан. 2020 онд барилгыг улсын комисс хүлээж аваад 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс “Алтай усан спорт чийрэгжүүлэлтийн газар” нэртэйгээр үүсгэн байгуулагдаж БТСГ-ын харьяанаас тусдаа гарсан. Улсын төсвөөс санхүүждэг газар байгаа. Бид 9 дүгээр сардаа багтаж үйл ажиллагаагаа явуулж эхлэх төлөвлөгөө тавин ажиллаж байна. Газар нутгийн онцлогоос болоод гэх үү дээ хүний нөөцийн тал дээр багагүй асуудал тулгарч байна. Тийм учраас Улаанбаатар хотоос усанд сэлэлтийн багш урьж усан бассейны багш дасгалжуулагчаа сургаж бэлдэх гээд бэлтгэл ажлаа эхэлсэн.

Улсын төсвөөс санхүүждэг байгууллагууд төдийлөн ашигтай ажилладаггүй. Энэ бол манай нийгэмд тогтсон үзэгдэл гэж хэлж болно. Та ашигтай ажиллуулна гэж хэлсэн. Ямар төлөвлөгөө байна вэ?

М.Мягмарбаяр: Таньтай санал нийлж байна. Өнөөдрийн нийгэмд тогтсон хэвшмэл үзэгдлүүд бий. Гэхдээ яагаад энэ  бүхнийг өөрчилж болохгүй гэж? Яагаад заавал улсын компани гэхээрээ унтаа, өдөр сараа өнгөрөөсөн байх ёстой гэж? Эхний ээлжинд бүх ажилчдаа нээлттэйгээр сонгон шалгаруулж багаа бүрдүүлж байгаа. Танил талаараа яриулж ажилд ордог систем манай байгууллагад байхгүй. Шинэ соёлтой, чадварлаг баг бүрдүүлэхээр зорьж байна. Маркетинг тал дээрээ нилээн анхаарна. Мөн зөвхөн усан бассейн биш фитнесс, кросс фит, таеквондогийн клуб, теннис нээхээр төлөвлөсөн. Баруун аймгууддаа анхдагч гэж хэлж болохоор хамтын оффис бий болгохоор хөрөнгө оруулагчидтайгаа уулзаад явж байна. Энэ мэтчилэн хийх зүйлүүд маш их. Орон нутгийн залуучууд яагаад Улаанбаатар хотод амьдарч байгаа юм шиг нутагтаа тав тухтай амьдарч болохгүй гэж. Улаанбаатарт ажиллаж байгаа олон залуусыг нутагтаа ажиллаж, амьдрах боломжоор нь хангаж, ая тухтай, таатай орчин бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулна гэсэн бодолтой ажлаа эхлээд явж байна даа.

Таны ажилд амжилт хүсье.Удахгүй бүтээн байгуулалт, амжилтын сайхан мэдээтэй уулзана гэж найдаж байна.

М.Мягмарбаяр: Баярлалаа. Залуучууд бид хийж бүтээх цаг болсон байна. Баг хамт олонтойгоо олон сайхан бүтээн байгуулалт, амжилтаар орон нутгийнхаа хөгжилд хувь нэмрээ оруулж, хөдөө орон нутагт хөгжлийг түгээж, өөрийн бүх л хүч чадлаа дайчлан ажиллах болно.