Ачаа барааны үнийн хөөрөгдлийг Ард түмэн "Хөлсөөрөө" төлнө

Ачаа барааны үнийн хөөрөгдлийг Ард түмэн "Хөлсөөрөө" төлнө

     Анх Хятадын Ухань хотод коронавирусын халдвар дэгдэж байх үед Монгол Улсын эрх баригчид омголон, сүржин байлаа. Эргэн сануулахад 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр манай улс хилээ бүр мөсөн хаав. Тухайн үедээ Монгол хүмүүс ковидоор өвдөхгүй, хилээ хаачихвал ковид орж ирэхгүй гэдэгт бат итгэлтэй байлаа. Гэвч коронавирус дэлхий нийтийг хамарч Монгол улс одоогийн байдлаар дэлхийд халдварын тархалтаараа хамгийн муу үзүүлэлтүүдийг тэргүүлж байна. 

 Замын-Үүдээр орж ирж байгаа ачаа барааны үнэ тэнгэрт хадлаа. 2,5 сая төгрөгөөр ачаагаа зөөдөг байсан ачааны машинуудын үнэ уртаасаа хамаараад 13 метр урттай машин 33 сая төгрөг, 17,5 метр урттай машин 48 сая төгрөгөөр Эрээнээс Замын-Үүд хүртэлх 7 километрийн зайнд ачаа бараагаа зөөж байна. 13-р зуунд Торгоны замаар дэлхийн худалдааны зах зээлийг базаж байсан Монголчууд 21-р зуунд ачаа бараагаа зөөх гэж хөгөө чирсээр...

Хятад улс яагаад хилээр нэвтрэх машинуудад хориг тавих болов?

Асуудлын учиг ерөөс их энгийн. Бидний Монголчууд хуурамч шинжилгээний бичиг бүрдүүлэх гэх мэт хариуцлагагүй үйлдлүүдээс болоод өмнөд хөрш итгэлээ алдаад байгаа гэж хэлж болно. Монголчууд халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхгүй, мөнгөөр хуурамч шинжилгээний хариу гаргадаг, хэнэггүй гэх зэрэг шалтгаанаар Хятадын тал хориг тавьсан. Бидний хариуцлагагүй, хэнэггүй байдлын тод жишээг ариутгагч хаалга тод харуулна.

Монгол улсын Засгийн газар энэ асуудал дээр ямар арга хэмжээ авсан бэ?

            Монгол Улсын Ерөнхий сайд өөрийн биеэр Замын-Үүдэд очиж 1 сарын дотор татан авалтыг сайжруулах үүрэг өгөв. Улмаар Засгийн газар болон түүнтэй гэрээ байгуулсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр татан авалт сайжирч өдөрт 150-160 машин хилээр нэвтэрч байгаа. Бөөгнөрөл байхгүй болсон гэж мэдэгдэв.

Мөн Хууль зүйн сайд Х.Нямбаатар Замын-Үүд сумд цэцэглэсэн авилгын сүлжээг цэгцлэхээр өөрийн сайт болох Зариг.мн-ийг дагуулан очиж тус сумын засаг дарга болон, хилийн эрх мэдэлтнүүдийг баривчлан сүрийг үзүүлсэн боловч хэдхэн хоногийн дараа саатуулагдсан хүмүүс суллагдав. Томилогдсоноосоо хойш нар үзэхгүй, хийсэн ажил болгон нь фэйлдэж байгаа Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд мөн л гэрээ бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй очиж сүр хүчийг үзүүлэн, ард түмэн дотроо орж ажилладаг, ардын зовлонг ойлгодог “Баатар”-ын дүрд тоглоод буцав. Хэрэв энэ бөөгнөрөл арилахгүй, татан авалт сайжрахгүй бол төр энэ ажилд оролцоно гэж хэлсэн нь манай улс буцаад коммунизм руугаа буцаж байгаатай адил сонсогдлоо.

Бас нэг зүйлийг нэмж хэлэхэд ШӨХТГ-аас Замын-Үүдийн хил дээр ажилладаг жолооч нарыг үндэслэлгүй үнэ нэмсэн гэж торгож балайрав. Ер нь бид шийдэл ярьдаггүй, асуудлын суурь тогтолцоог нь ойлгодоггүй, зөвхөн пропаганда хийж, цүнх баригчдаараа өөрсдийгөө нялайтал долоолгож, түүнээсээ таашаал авдаг популист эрх баригчидтай болов.

Төгсгөлийн оронд....

            Бодит байдал дээр хилээр өдөрт 90 машин л нэвтэрч байна.  Өмнө нь өдөртөө 300-350 машин нэвтэрдэг байсан. Гэтэл Засгийн газраас 150-160 машин гарч байгаа бөөгнөрөл байхгүй болсон гэж худлаа ярьж, гэрээт хэвлэл мэдээллийн хэрэгслээр ард түмний тархийг угааж байгаа нь Замын-Үүдэд ажиллаж байгаа жолооч нарын эгдүүг хүргээд байна.  Харин манай Ерөнхий сайд Япон улсад олимп үзэнгээ, гөлөг бэлгэнд аваад жаргаж явна. Замын-Үүдэд гялайж гялтайх ганц ажил хийгдсэн нь хэрүүл уруултай баригдсан ариутгалын хаалга. Олигтойхон амьтад байсан бол энэ хаалга 2 жилийн өмнө ашиглалтад орчих байв. Замын-Үүдийн ачаа барааны бөөгнөрлийг арилгаж, татан авалтыг нэмэгдүүлэхийн тулд төрөөс Хятад улстай хэлэлцээр хийж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн ажиллаж, урд хөршийн итгэлийг алдахгүй байх талаар ярилцах нь уг нь зүйд нийцэх болов уу? Гэтэл манай дарга нар ядарсан хэдэн жолооч, энгийн ард иргэдээ дарамтлаад сүр Данзандаад явах. Барааны үнийн өсөлтийн хариуг жирийн ард иргэд хөлсөөрөө төлнө. Та бидний гар дээр ирж байгаа бараа таваар өдөр ирэх тусам үнэ нь нэмэгдсээр байх болно. Дарга нараа та бүхнийг шалдан байгааг хэлээд өгчих зориг зүрхтэй хүн хажууд тань алга уу? Та бүхнийг дагалддаг, зөвлөдөг бүх хүмүүс чинь бөгс долоогч, цүнх баригч юм уу? Энэ байдал дээрдэхгүй бол инфляц өсөж, ядуучуудын тоо улам их болох нь. Ядарсан ард иргэд чинь үмх мах, зүсэм талхаа олж идэж чадахгүй болох нь. Эрхэм төрийн түшээдээ та нарын тэнэг, судалгаагүй шийдвэрүүдийн буянд амьдрах гэж үйлээ үзэж байгаа иргэдээ дарамтлахын оронд ажлаа хийгээд өгөөч ээ. Бидний өмнө ямар аймшигт сарууд ирж байгааг Засгийн газар тооцоолж байгаа болов уу? Хоёрхон сарын дотор инфляц 6,6 хувьд хүрсэн. Бензиний үнэ 600 төгрөгөөр нэмэгдлээ. Үүнтэй зэрэгцээд мөнгөний ханш унаж, төгрөг үнэгүйднэ гээд маш олон асуудлууд байна. Хэдэн бор хүүхдийнхээ ходоодыг борлуулах гэж зүтгэж яваа ард түмэн чинь энэ их ачааг дийлэх үү?