Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулна

Хөшигийн хөндийд чөлөөт бүс байгуулна

Хөшигийн хөндийн онгоцны буудал дагасан шинэ суурьшлын бүс байгуулах ажил эхэлсэнтэй холбоотойгоор УИХ-ын дарга Г.Занданшатар тус суурьшлын бүс байгуулах ажлын хэсэг, холбогдох яамдын албан тушаалтнууд болон УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нартай уулзжээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Энэхүү суурьшлын бүсийн төлөвлөлтийг эхнээс нь зөв зохион байгуулалтай хийснээр Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн хурдыг хоёр дахин нэмэгдүүлэх, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, замын түгжрэлийг бууруулах зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдэх боломжтой Тиймээс Хөшигийн хөндийн нисэх буудлыг дагасан шинэ суурьшлын бүсэд чөлөөт бүс байгуулах нь зүйтэй хэмээн үзэж байгаа. Чөлөөт бүс байгуулснаар Монгол Улсын эдийн засаг сэргэх боломж харагдаж байгаа тул төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих, аж ахуйн нэгж, иргэдийн бизнест татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх, ипотекийн зээлийн хүүг бууруулах зэрэг цогц арга хэмжээг авах хэрэгтэй" гэжээ.

Эдийн засгийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Ж.Ганбаатар "Нисэх буудлын ажилтнуудын орон сууц, зочид буудал зэрэг асуудлыг эхний ээлжид шийдэх хэрэгтэй. Мөн цэвэрлэх байгууламж, усан хангамж, дулааны шугам зэрэг дэд бүтцийн зураг төслийг ойрын хугацаанд гаргах, бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшилд түшиглэн шуурхай, чанартай хийх нь чухал" гэсэн байна.