“Эрдэнэт”-ийн ТУЗ-ийг 100 хувь төрөөс бүрдүүлэхийг үүрэг болгов
“Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд авахыг УИХ-ын тогтоолоор Засгийн газар үүрэг болгосон юм. Энэ дагуу Сангийн сайд Б.Чойжилсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байгаа ч ажлын явц удаан, сунжирч байгааг Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Засгийн газрын хуралдаанд анхаарууллаа. Иймд УИХ-ын тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд эхний ээлжинд холбогдох хууль, тогтоомжид нийцүүлэн “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл /ТУЗ/-ийг зуун хувь төрийн төлөөллөөс бүрдүүлж, цаашдаа тус компанийн засаглал, удирдлагын бүрэлдэхүүнд ажиллах төрийн төлөөллийн тоог нэмэгдүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор нарт Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үүрэг болголоо.
Харин 49 хувийг эзэмшиж байгаа гэх "Монголын зэс" ХХК-ийн хувьд УИХ-ын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдээд байгаа. иймээс Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суух хүсэлтэй байгаа юм. Харин маргааныг эцэслэн шийдэх үүрэг нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынханд оногдож байна. Тус газрын дарга Ц.Ням-Осор хэлэлцээрийг эхлүүлнэ. Хэчнээн сар үргэжлэх эсэхийг мэдэх аргагүй гэсэн тайлбарыг улс төрчид өгч байна.