“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь “Чалко”-гийн 350 сая ам долларын өрийн барагдуулсан ч Хөгжлийн банкны 233 сая ам долларын өр үлдлээ
Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн олборлох нүүрсийг барьцаалж 2011 онд С.Батболдын Засгийн газар БНХАУ-ын “Чалка” компанид 350 сая ам долларын өр тавьсан байдаг. Анх гэрээ байгуулагдсны дараа 1,8 жилд багтааж Чалко компани тавьсан өрийг барагдуулна гэж мэдэгдэж байлаа. Гэтэл энэхүү өр нь сар жилээр сунжирч өнөөдрийг хүрээд байсан юм. “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн шинэ удирдлага өнгөрсөн онд мэдэгдэхдээ 2017 онд багтаан Чалка компанид тавьсан өрийг барагдуулна гэж мэдэгдэж байв.
2016 оны эхээр Чалкогийн өр 100 сая ам доллар байжээ. Харин 2016 оны сүүлээр 56 сая ам.доллар, ТТJVCO буюу олборлогч компанид 64 сая ам.долларын өртэй байсан байна. Харин 2017 оны 2 сард Чалкогийн өр 26 сая ам.доллар болоод байсан юм. Энэ бол хамгийн том өр. Олборлогч компанид үүссэн өрийн хуримтлалын гол шалтгаан нь нэгдүгээрт,гэрээ байгуулснаас хойш олборлолтыг ахиу хийсэн хэрнээ, 1-3 сар борлуулалт хийгээгүй, хоёрдугаарт, нүүрсний ханш хямд, гуравдугаарт, уулын олборлолтын зардал өндөр буюу тонныг нь НӨАТ-тайгаар 4.3 ам доллар зарцуулан хийж байсан нь нөлөөлж, өр үүссэн тооцоо судалгаа бий гэж Эрдэнэс-Тавантолгой компаний зүгээс мэдэгдэж байлаа.
Ийнхүү 6 жилийн хугацаанд дуншсан 350 сая ам долларын өрийг барагдууллаа. Эрдэнэс-Тавантолгой компаний өнөөгийн удирдлагын шилдэг менежмент гэхээсээ илүү 26 ам доллараар зарж байсан нүүрсний үнээ өсгөж 50 ам доллар болгосон. Мөн олборлолтын зардлыг бууруулж чадсан нь уг өрийг дарж дуусгах хугацааг наашлуулсан гэж Эдийн засагчид тайлбарлаж байна. Гэхдээ Чалкогийн 350 сая ам долларыг барагдуулсан ч Эрдэнэс-Таван толгой ХК-ний нүүрсийг олборлож байгаа ТТJVCO буюу олборлогч компанид өгөх ёстой 26 сая ам долларын өр дарагдаагүй байна.
Үүн дээр нэмээд Хөгжлийн банканд 200 сая ам.долларын өр тавигдсан байгаа. Энэ нь 2011-2012 онд Хүний хөгжил санд мөнгө төвлөрүүлэх үүргийн дагуу тавигдсан төлбөр. Хүүтэйгээ 233 сая ам.долларын өр өнөөдөр Эрдэнэс-Таван толгой компаний баланс дээр өр хэлбэрээр бичигдээд явж байна. Үүн дээр нэмээд Эрдэнэс-Таван толгой ХК нь өртэй хэд хэдэн аж ахуйн нэгж байна. Тухайлбал “Саус гоби сэндс”, “Хишиг арвин индустриал” зэрэг компанид өгөх бага зэргийн өр, авлага нь ажил гүйцэтгэлийнхээ дагуу өгч авалцаад явна гэсэн тайлбарыг тус компаний удирдлага өгдөг юм.