90 сая төгрөгт хүлэгдсэн Нийслэлийн АН-ын даргын сонгууль

90 сая төгрөгт хүлэгдсэн Нийслэлийн АН-ын даргын сонгууль

Ардчилсан намын дотоод сонгуулийн уулзалт, сурталчилгаа үргэлжилж байх шиг байна. Үүн дотроос Нийслэлийн Ардчилсан намын даргын өрсөлдөөн нь хамгийн их анхаарал татсан сэдэв гэхэд болно. Учир нь энэ албан тушаалын төлөө Нийслэлийн Ардчилсан намыг гундаж явахад нь түшиж, дэвжиж явахад нь алсаас ажиглаж суусан нэгэн эрхэм. Харин гундахад нь зайгаа авчихаад өөдлөн дэвжихэд нь өвөрт нь орж хэвтсэн нэгэн эрхэм өрсөлдөж байгаагаас үүдэлтэй. Ингэж хэлэхийн учир нь Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшиж байгаа Ш.Түвдэндорж, Д.Баттулга нарын хийсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого бүр нь тэнгэр газар шиг ялгаатай гэхэд болно.

Кнопоо залгиулчихсан Д.Баттулга

 Улсын баатараар ахлуулсан Нийслэлийн Ардчилсан нам 2016 оны сонгуульд харамсалтайгаар ялагдал хүлээхэд сонгуулийн Ерөнхий менежерээр нь ИТХ-ын дарга асан Д.Баттулга ажилласаныг нийслэлийн АН-ынхан мартаагүй. Намаа ялагдал хүлээхэд тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзэж болох шалтгаан, шалтаг Нийслэлийн АН-ын гишүүдэд бий. Ийм ч учраас Э.Бат-Үүл шиг хариуцлага хүлээх ёстой хүний нэг нь Д.Баттулга гэж тус намынхан үзэж байгаа гэнэ. Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын даргаар өнөөдрийг хүртэл тасралтгүй 10 гаруй жил ажиллаж байгаа. 2004, 2008 онд Сүхбаатар дүүрэгт АН-ыг ялагдуулсан буруутан нь тэр. 2012, 2016 онд Сүхбаатар дүүрэгт АН-ыг ялуулсан гавьяа бас түүнийх. Ялагдахад хариуцлага хүлээдэггүй. Ялахад хамгийн түрүүнд бялууны зүсэм хувиарлаж суудаг улс төрч бол Д.Баттулга гэж АН-ынхан хоорондоо шивнэлдэж сууна. Учир нь 2016 оны орон нутгийн сонгуулийн дүнд Сүхбаатар дүүрэгт АН ялалт байгуулсан. Тус дүүрэгт АН ялалт байгуулахад Д.Баттулга гавьяатай гэхээсээ илүү 2012-2016 онд тус дүүргийн засаг даргаар ажилласан Амарзаяа гэх залуугийн үр, нөлөө маш их. Гэтэл түүний хийсэн ажлыг шагнаж урамшуулахын оронд засаг даргаас нь чөлөөлж харин бэрээ засаг дарга болгосон гэх шүүмжлэлийг АН-ынхан Д.Баттулгад илгээх болжээ.

Нийслэлийн АН-ыг өнгөрсөн сонгуулиар ялагдалд хүргэчхээд одоо даргад нэр дэвшиж байгаа нь эрх мэдлийн төлөөх тулаанд хэрхэн ичгүүр, сонжуураа алдсаных нь тод илрэл гэж тус намын эгэл гишүүд дүгнэх болсон байна.  Уг нь АН-ын  дүрэмд “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт бий. Харамсалтай нь хариуцлага гэж мэддэггүй ширэн нүүрлэсэн Д.Баттулга мэтийн эрхэмд энэ заалт огтхон ч хамаагүй бололтой юм. АН-ын удирдлага энэ асуудлыг дуугүй харж суугаа нь 90 саян дэнчинд нь хоргодсоных юм болов уу гэх халаглалд тус намынхан шүүрч алдаж сууна.

 

 

Нийслэлийн 2 засаг даргыг үдэж байрандаа үлдсэн Ш.Түдвэндорж

 Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан намын даргаар өмнө нь ажиллаж байсан нэгэн. Тухайлбал 1999 онд Нийслэлийн засаг даргаар Ж.Наранцацралт томилогдоход Ш.Түвдэндорж түлхэж, тулж байжээ. Түүний хувьд Ардчилсан намаас анх удаа Нийслэлийн засаг дарга ажиллах боломжийг намдаа бүрдүүлсэн ачтан гэж болно. Энэ утгаараа түүний хувьд Ардчилсан намынхан дундаа нэр хүнд сайтай.

2008 оноос хойш Нийслэлийн АН-ыг тоох хүнгүй байхад Ш.Түвдэндорж л зүтгэж, намаа ялалтанд хүргэх хөтөлбөрийг боловсруулж суужээ. Та бүхэн санаж байгаа бол 2012 онд Нийслэлийн АН нь  5 А мөрийн хөтөлбөртэйгөөр Сонгуульд оролцож байв. Уг хөтөлбөрийг санаачлагч, бичиж хөрсөн дээр хэрэгжүүлэх бүх боломжийг бүрдүүлсэн хүн нь Ш.Түвдэндорж гэнэ. Түүний энэхүү хөтөлбөрийн үр дүнд нийслэлийн Ардчилсан нам Нийслэлийн ИТХ-ын сонгуульд анх удаа үнэмлэхүй ялалт байгуулж, нийслэлийн ИТХ-д олонхийг бүрдүүлсэн нь 2012 он. Ш.Түвдэндоржийн боловсруулсан хөтөлбөрийг барьж орсон Э.Бат-Үүл Нийслэлийн засаг даргаар томилогдож байлаа.

Улаанбаатар хотыг нийслэл шиг болгох том ажлын эхлэлийг тавьсан хүн яах аргагүй Ш.Түвдэндорж. Түүний хувьд өнгөрсөн 4 жил УИХ-д ажиллахдаа Нийслэлтэй холбоотой олон хууль тогтоомжийг санаачлагч, дэмжиж батлах ажлыг толгойлсон нэгэн гэдгийг 2012-2016 оны хооронд Улаанбаатар хотын удирдлагаар ажиллаж байсан улс төрчид ам уралдан ярьдаг юм.

2016 онд Ардчилсан нам ялагдал хүлээхэд намынхаа гал тогоонд хутгалдаж, шинэчлэлийн ажлыг эхлүүлсэн улс төрчдийн нэг нь мөн л Ш.Түвдэндорж. Түүний хувьд намын даргаа сунгаагаар бүх гишүүдээсээ сонгодог болох дүрмийг боловсруулсан нэгэн юм. Түүний хувьд Ардчилсан намын шинэчлэл дүрмээс эхлэх ёстой гэж үзжээ. Энэ утгаараа намынхаа дүрмийн шинэчлэлийг гардан гүйцэтгэсэн байна.