
Б.Буянтогтох: Коронавирусийн шинжилгээнд өдөрт 500 сая төгрөг үр ашиггүй зарцуулж байна
Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.
-ЭМЯ-ны дэргэдэх эрдэмтдийн баг 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргажээ. Үр дүнг нь хэрхэн тооцоолж байна вэ?
-Коронавирус бол халдварт өвчин. Тиймээс энэ өвчний тархалтын замыг тасалж байж халдварын тохиолдол буурна. Халдвартай иргэн гадуур яваад л байвал тохиолдлын тоо нэмэгдсэн хэвээр л байна. Тэгэхээр 22:00 цагаас хатуу хөл хорио тогтоох гээд байгаа гол зорилго нь халдварт өвчин тараах замыг таслах юм. Энэ бол хариу арга хэмжээний хамгийн гол цөм байх ёстой.
-Энэ мэдээлэл болон тохиолдлын тоо ихэссэнтэй холбоотойгоор иргэд хатуу хөл хорио тогтоох нь гэх таамгийг дэвшүүлж эхэллээ.
-ЭМЯ-аас хөдөлгөөнийг хязгаарлах, хумих албан хүсэлтийг УОК, Засгийн газарт байнга явуулж байгаа. Учир нь халдвар дамжих замыг таслан зогсоохгүйгээр халдварт өвчинтэй тэмцэнэ гэж байхгүй. Тохиолдлын тоо яагаад ихсэв гэж ЭМЯ-аас асуухаас илүүтэй гудамж руу харах хэрэгтэй. Оройн цагаар цэнгээний газраар явж байгаа хүмүүсийг харах нь зүйтэй.
-Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх боломж бий болов уу?
-Дэлхийн 200 гаруй улсаас 16-17 оронд коронавирусийн улмаас танхимын сургалтыг зогсоогоод байгаа. Манай улс хоёр жил цахимаар хичээллэх шийдвэр гаргасан. Гэртээ байсан хүүхдүүдийн жин нэмэгдэж, дэлгэцийн хамааралтай болж байна. Мөн бага насны хүүхдүүд зожиг болох хам шинж илэрч эхэллээ. Энэ зөвхөн өнөөдөр илэрч байгаа шинж тэмдэг. Ирээдүйд ноцтой үр дагаврууд гарч ирж болзошгүй. Манай улсад танхимын сургалт эхлээд долоо л хонож байна. Тиймээс сургалтын үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотой тохиолдлын тоо нэмэгдсэн эсэхийг тооцоолоход эрт байна. Миний хувийн бодол боловсролын үйл ажиллагааг тасралтгүй явуулах ёстой.
-Эмнэлгийн, тэр дундаа улаан бүсийн нөхцөл байдал өнөөдөр ямар байна вэ?
-Илэрсэн тохиолдлын араас хөөснөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ улам хүндрэлтэй байдалд орсон. Улсын чанартай 50 гаруй эмнэлэг, хувийн хэвшлийн ортой эмнэлэг 271, нийт 56 мянган ажилчид өдөр, шөнөгүй зүтгэж буй. "Ковид-19" халдварын үед 20 гаруй мянган ор дэлгээд тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Үүнээс гадна гэмтэл, төрөх, хавдар, дотор гээд яаралтай тусламж үйлчилгээгээ эмнэлгийн байгууллагууд үзүүлсээр байна.
Иргэдийн зүгээс нэмж ор дэлгэсэнгүй, эмнэлэгт хэвтэж чадахгүй байна, өрхийн эмнэлэг ирсэнгүй гэх асуудлыг ярьдаг. Үнэндээ эмнэлгийн ажилчдын ачаалал хэвийн нормоос хэд дахин давсан учраас хүрэлцэхгүй байгаа юм. Манай монголчуудад эмнэлэгт очиж байж санаа нь амардаг, эмнэлэгт хэвтэж байж эмчлүүлсэнд тооцдог зан байна.
Жишээлбэл АНУ-д коронавирусийн улмаас эмнэлэгт хэвтэхэд асар өндөр шалгууртай. Батлагдсан тохиолдлынхоо ердөө 1-3 хувийг л хэвтүүлэн эмчилж байна. Гэтэл манай улсад хэвтэн эмчлүүлэгсэд 42.2 хувьтай. Өөрөөр хэлбэл тухайн долоо хоногт батлагдсан нийт тохиолдлын 42.2 хувь нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлэн тусламж, үйлчилгээ авчээ. Иргэдийн эмнэлэгт хэвтэх гэдэг энэ хандлага эмнэлгийн байгууллагад маш өндөр ачаалал үүсгэж байгаа. Орыг 40 мянга хүртэл дэлгэж болно. Гэвч тэнд ажиллах боловсон хүчин хязгаарлагдмал байна. Гэтэл иргэд ор дэлгэчихэд л дагаад эмнэлгийн тусламж асуудалгүй үргэлжлэх юм шиг ойлгодог.
Өөр нэг асуудал нь Улаанбаатар хотын хөдөлгөөнт хүн ам их байгаа нь төвөгтэй байдал үүсгээд байна. Үндсэн харьяаллын дагуу амьдардаггүй хүмүүс Улаанбаатар хотод маш их. Шинжилгээний хариу нь эерэг гарч батлагдсан тохиолдолд тухайн иргэний мэдээлэл цахимд бүртгэлтэй хаягийн дагуу өрхийн эмнэлэгт очдог. Гэтэл хариуны эзэн нь өөр хаягт түр оршин сууж байдаг. Тэр хүнийг хаана байгааг хүн бүр мэдэх боломжгүй шүү дээ. Ингээд өрхийн эмнэлэг ирсэнгүй гэдэг гомдол үүсдэг. Өрхийн эмнэлэг өөрийнх нь системд мэдээлэл ирээгүй учраас тухайн иргэнтэй холбоо тогтоох боломжгүй. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хоцрох гол асуудал үүнд байна.
-Эмнэлэгт очихгүй байж болно. Гэвч гэртээ хүндрэх тохиолдол гараад байгаа?
-Коронавирусийн халдварын улмаас гэртээ нас барсан 30 настай нэг иргэний мэдээлэл бидэнд ирсэн. Энэ хүн коронавирусийн халдвартай байжээ. Гэхдээ нас баралтад хүргэсэн хүчин зүйл нь халдвар байсан эсэхийг тогтоохоор Шүүх шинжилгээний хүрээлэн ажиллаж байна. Өөрөөр гэрийн нас баралт бүртгэгдээгүй гэдгийг хариуцлагатай хэлье.
Эрүүл мэндийн салбар болон халдвар авсан иргэдийн хооронд хамгийн их үл ойлголцол үүсгэж байгаа нэг асуудал бий. Тэр нь иргэд эхний 2-3 хоногт нус гоожих, бие арзайх, ханиалгах зэрэг шинж тэмдэг илрэхээр хүндрээд байна, заавал эмнэлэгт хэвтэнэ гээд зүтгэчихдэг. Ингээд хөнгөн хэлбэрээр өвдсөн ч ямар нэгэн аргаар эмнэлэгт хэвтэх гэж оролдож байна. Сошиалаар асуудал бичнэ, таньдаг хүнээр яриулна, эрүүл мэндийн салбарын ажилчдыг харааж, зүхнэ. Энэ маргаанаас болоод зарим дүүргийн хариу арга хэмжээний багийнхан эмнэлэгт хэвтүүлдэг. Гэтэл 2-3 хоногийн дараа буцаад би эдгэрсэн гармаар байна гэнэ. Энэ хүмүүс өөрөөс нь илүү зовууртай, биеийн байдал хүнд хүн хэвтэх ёстой орыг хэрүүл, маргаан хийсээр эзлээд бусдын эрүүл мэндэд эрсдэл үүсгэж байгаагаа ойлгохгүй байна.
-Коронавирусийн шалтгаант нас баралтад дүн шинжилгээ хийсэн гэв үү. Энэ шинжилгээний үр дүн гарсан уу?
-Энэ оны долдугаар сарын 18-наас өмнө бүртгэгдсэн бүх нас баралтад дүн шинжилгээ хийх эмгэг судлалын зөвлөл ажиллуулсан. Эмгэг судлал, эрчимт эмчилгээний эмч нарын шинжилгээгээр 10.5 хувь нь коронавирусийн шалтгаанаар нас бараагүй гэдэг нь тогтоогдсон. Халдвартай байсан, гэхдээ нас баралтын шалтгаан халдвар байгаагүй 70 гаруй тохиолдлыг илрүүлжээ. Өөрөөр хэлбэл коронавирусийн сонгодог хүндрэлээр буюу уушги хатгааны хүндрэл, амьсгалын дутагдлаас биш. Хорт хавдраас, гэмтлээс, харвалтаас болон бусад өвчний хүндрэлээр нас барсан нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл коронавирусийн сонгодог хүндрэлээр буюу амьсгалж чадахгүй, уушги хатгаа болсон шинж тогтоогдоогүй гэсэн үг.
Ташрамд мэдээлэхэд коронавирусийн халдварын улмаас бүртгэгдсэн нас баралт хамгийн бага 12 орны нэг нь Монгол. Манай улсын хэмжээнд коронавирусийн халдвартай 900 гаруй хүн нас барсан. Гэтэл нөгөө талд он гарснаас хойш өнөөдрийн байдлаар 11800 гаруй хүн зүрх судасны эмгэг, хавдар, осол гэмтэл зэрэг шалтгаанаар нас барсан байна. Энэ нас баралтыг бууруулахын төлөө эрүүл мэндийн салбарынхан ажиллаж байгаа. Жилдээ Монгол Улсад 75-77 мянган хүн төрж, 15-17 мянган хүн нас бардаг. Жил бүрийн статистикийн дундаж ийм л байсан. Тэгэхээр дан ганц коронавирусийн улмаас нас баралт бүртгэгдээд байгаа биш юм.
-Шинжилгээтэй холбоотой гомдол тасардаггүй. Оношлуурын нөөц хэр байна вэ?
-Хувь хүн, албан байгууллагын шинжилгээг хасаад ЭМЯ-ны зүгээс 24 цагт 650-700 сая төгрөгийг шинжилгээнд зарцуулж байна. Үүний 500 сая төгрөг нь ямар ч ач холбогдолгүй үрэлгэн зардал болдог. Түргэвчилсэн тестийн 14 хувь нь эерэг, 86 хувь нь сөрөг. Тэгэхээр 86 хувь нь ямар ч ач холбогдолгүй гэсэн үг. ПСР шинжилгээний 28 хувь нь эерэг, 72 хувь нь сөрөг. Тэгэхээр 700 сая төгрөгийн 500 сая нь өдөр бүр ямар ч ашиггүй хаягдаж байна.
Мөн иргэдийн зүгээс зургаа дахь хоногт шинжилгээ авахаа больсон тухай ярьж эхэлсэн. Үүнийг зогсоогоогүй, хэнээс авахаа л шийдэж байгаа. Нийтээр нь шинжилгээ авахаар бид өдөрт 500 сая төгрөг үрэлгэн хаяж байгаа. Уг мөнгийг эмнэлгийн тусламж руу илүү чиглүүлж өгвөл үр ашигтай гэж бодож байна. Учир нь хавьтал хөөсөн шинжилгээ хийх нь бүх нийтэд тархсан өнөө үед ач холбогдол багатай. Харин өвдөх эрсдэлтэй, өвдсөн тохиолдолд хүндрэх магадлалтай, шинж тэмдэг илэрсэн иргэдээс авах нь илүү ач холбогдолтой юм.
Тиймээс одоо шинж тэмдэг илэрсэн эсэхийг баталгаажуулна. Мөн настай хүмүүс, архаг хууч өвчтэй, жирэмсэн эмэгтэйчүүд хурдан хүндрэх төлөвтэй байгаа учраас энэ бүлэг рүү илүү анхаарч шинжилгээ авч байна. Ийм зохицуулалт хийхгүй бол шинжилгээний нөөцөө хаа хамаагүй үрээд байна шүү дээ. Цар тахлын үед тодорхой зохион байгуулалтаар удирдаж явахгүй бол хувь хүний хүсэлтэд суурилсан тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй. Цаашид түргэвчилсэн тестийг хумих бодлого барьж байгаа. Томуугийн улирал эхэлж байгаа учраас хуурамч эерэг гарах магадлал ихэснэ.
-Есдүгээр сард дельта хувилбарын гурав дахь давлагаа эхэлнэ гэсэн. Үүний цаана дахиад давлагаа бий болов уу?
-"Ковид-19" халдвартай дэлхий нийтээрээ нүүр тулаад хоёр жилийн л хугацааг туулж байна. Шинэ, шинэ мутацууд гараад ирлээ. Тиймээс халдварын тархалт ихсэх, тогтворжих тухай ярихад эрт байна. Гурав дахь давлагаа намжаад хэвийн амьдралдаа шилжинэ гэж хэлэх боломжгүй. Энэ удаагийн давлагааны онцлог нь хөнгөн өвдөж байгаа хүний тоо нэмэгдсэн. Тиймээс бид гэрийн эмчилгээг дэмжээд байгаа.
Иргэдээс эмнэлэгт хэвтэх гэж ачаалал битгий үүсгээрэй гэж хүсмээр байна. Тэнд ажиллах эмнэлгийн боловсон хүчин хүрэлцэхгүй байгаа. Мөн эрүүл мэндийн салбарынхан өвдөж байна. Нийт батлагдсан тохиолдлын 2.3 хувийг эрүүл мэндийн салбарын ажилчид эзэлсэн бөгөөд 2020 оноос хойш 5000 гаруй хүн халдвар аваад байгаа. Мөн эмнэлгийн ажилчид ачааллаас илүү сэтгэлзүйн дайралтаас болж шантарч, ажлаасаа халшрах хам шинжтэй болж эхэлсэн. Коронавирусийн тархалтыг зогсооход иргэд хичээхгүй бол энэ ганцхан салбарын ажил биш. Бүх нийтийн оролцоо байж ард нь гарна.