Тусгаар тогтнол, Эв Нэгдлийн Намын дарга Г. Уянга Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг авлигын хэргээр шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байсан билээ.Ц.Элбэгдоржид авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хэрэг үүсгүүлэн шалгуулах хүсэлтээ Г.Уянга илэрхийлсэн юм. Тэрээр Авлигатай тэмцэх газарт хандахаасаа өмнө УИХ-ын дарга, гишүүдэд хандаж Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг хөндөж байсан. Түүний хувьд уг асуудлынхаа хүрээнд УИХ-ын дарга М.Энхболд болон танхимынх нь бүх гишүүнд ил захидал илгээгээд байсан юм. Г.Уянгын уг ил захидалд ганцхан С.Жавхлан гишүүн л хариу өгч байсан билээ. УИХ-ын гишүүн С.Жавхлан, Тусгаар тогтнол, эв нэгдлийн намын дарга Г.Уянга нар хамтарсан мэдэгдэл хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах асуудлыг хөндөхөө илэрхийлж байлаа. Үүнийхээ дараа түүнийг АТГ-т шалгуулахаар өгөөд байсан юм. АТГ-аас ТТЭН-ын дарга Г.Уянгын өгсөн баримтуудыг холбогдох хуулийн дагуу хянаж үзээд хариуг нь өгсөн байна. Эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж үзэн, саналаа Нийслэлийн прокурорт хүргүүлээд байгаа юм.
Нийслэлийн прокуророос баримтыг дахин нягтлан шалгаж үзээд АТГ-аас гаргасан тогтоолыг зүйтэй гэж үзсэн байна. ТТЭН-ын дарга Г.Уянга ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг "Рио тинто" компаниас байр авсан байх магадлалтай. Үүнийг нягтлах нь зөв. Мөн эхнэрийнхээ сайн үйлсийн буюу буяны ажил хийдэг сангаар дамжуулж их хэмжээний авлига авсан байж болзошгүй гэх үндэслэлийг гаргаад байсан юм. Үүний зэрэгцээ Мүүнийн шашны байгууллагаас мөн их хэмжээний хөрөнгийг авлига хэлбэрээр авсан байж болзошгүй гэж үзэн гомдол гаргасан байдаг. Энэ бүхнийг нь шалгах шаардлагагүй гэж хууль хяналтын байгууллагынхан үзлээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нь өнгөрсөн 8 жилийн хугацаанд Авлигатай тэмцэх газар, Шүүхийн Ерөнхий зөвлөл, Прокурорын байгууллагын албан тушаалтанг томилсон. Ийм нөхцөлд түүнийг Авлигатай тэмцэх газраар шалгуулна гэдэг ойлголт хараахан бүрэлдэхгүй гэдгийг албаныхан ам уралдан шуугиж байгаа. Зүгээр л Г.Уянга гэгчийн улс төрд арчигдахгүй гэсэн богино зайн гүйлт гэж дээрх алхамыг тодорхойлж байна.
Эхнээсээ л ялагч нь тодорхой байсан шуугиан бол Г.Уянга Ц.Элбэгдоржийг огцруулах санаархал байлаа.