Ш.Түвдэндоржийн ялалтыг Д.Баттулга буухиалж чадах болов уу?

Ш.Түвдэндоржийн ялалтыг Д.Баттулга буухиалж чадах болов уу?

Энэ хоёр эрхмийн хэн нь Нийслэлийн АН-ын дарга болбол намдаа өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй хэн нь намын гишүүд, олон нийтийн дэмжлэгийг хүлээх бол гэдэг асуулт эрхгүй татаж байна-


Ардчилсан намын шат, шатны сонгуульд өрсөлдөгчдийн сунгаа ид дундаа орж нэр дэвшигчид хэн нь хэн бэ гэдгээ өнгөрсөн хугацаанд хангалттай харуулчих шиг боллоо. Тэгвэл эдгээрээс хамгийн их анхаарал татаж буй нь нийслэлийн Ардчилсан намын даргын суудалд хэн суух вэ гэдэг асуулт юм. Ямартай ч Э.Бат-Үүл баатрын орыг залгахаар нийслэлийн АН-ын дарга асан, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж, НИТХ-ын дарга асан, Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга нарын хооронд нэлээд ширүүхэн халз тулаан явж буйг хэвлэлүүдэд гарсан мэдээллээс харж болно. Энэ хоёр эрхмийн хэн нь Нийслэлийн АН-ын дарга болбол намдаа өөрчлөлт шинэчлэлтийг хийгээд зогсохгүй хэн нь намын гишүүд, олон нийтийн дэмжлэгийг хүлээх бол гэдэг асуулт эрхгүй татаж байна. Мэдээж Нийслэлийн АН-ын дарга гэдэг хариуцлагатай албан тушаал. Тэгвэл дээрх хоёр эрхмийн хэн нь хэн бэ. Өнгөрсөн хугацаанд ямар, ямар ажлыг амжуулж байв.

Ш.Түвдэндорж ашиг сонирхлоос ангид байхыг имижээ болгосон

Тэгвэл нэр дэвшигч Ш.Түвдэндоржийн тухайд анх Сүхбаатар дүүргийн долоодугаар хороонд үүр байгуулж даргаар нь ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр 1994 оноос АН-ын орон нутаг хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож, Монгол Улсынхаа 280 гаруй суманд ажилласан туршлагатай нэгэн аж. Түүнчлэн 2011 онд нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн АН хоёр тамга, даргатай болж хуваагдаад байсан талцал, тэмцлийг эвлэрүүлж 2012 оны НИТХ-ын сонгуулийн ялалтад голчлон нөлөөлсөн гэж намын нөхөд нь үнэлдэг аж.
Тус нам нийслэлд олон болсон шалтгаан нь гэвэл Ш.Түвдэндорж нийслэлийн АН-ын даргаар ажиллаж байхдаа “5 А “ мөрийн хөтөлбөрийг санаачлан гаргасны үр дүнд ийнхүү Нийслэлийн ИТХ-ын сонгуульд анх удаа үнэмлэхүй ялалт байгуулж, олонхийг бүрдүүлж чадсан хэмээн одоог хүртэл домог мэт ярьдаг. Тухайн үед Ш.Түвдэндорж намаа нийслэлийн ИТХ-д олонх болгоод зогсохгүй өөрөө ч УИХ-ын гишүүн болж нийслэлийн намын даргын суудлаа Э.Бат-Үүл баатарт сайн дураараа хүлээлгэн өгч байсан билээ. Хэрвээ өнгөрсөн сонгуулиар Ш.Түвдэндорж нийслэлийн АН-ыг удирдаж орсон бол өмнөх суудлаа алдахгүй байх магадлал өндөр байсан гэж намынх нь нөхөд ч ярих юм билээ. Мөн АН-ынхан УИХ-ын сонгуульд ялагдал хүлээж шокноосоо гарч чадахгүй хэцүү байдалтай байх үед хэзээнээсээ толгой нь сийрэг ажиллаж сурсан Ш.Түвдэндорж АН-ын ҮЗХ-ны намын дүрмийн шинэчлэлийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж өөрийнхөө чадал чансааг бас л намынхандаа харуулаад амжсан. Ийм л нэг тулхтай, түшигтэй, туршлагатай, ашиг сонирхлын зөрчлөөс ангид гэх тодорхойлолтыг өөрийнхөө имиж болгосон нэр дэвшигч юм.

Намынхаа Үндсэн дүрмийг тоодоггүй гэх тодотголтой Д.Баттулга

Тэгвэл нэр дэвшигч Д.Баттулгын тухайд тэрбээр Сүхбаатар дүүргийн Ардчилсан намыг 2004, 2008 онуудад удирдаж байхдаа удаа дараа ялагдалд хүргэж тахимаа алдаж байсан гэдэг. Түүнчлэн улсын баатраар ахлуулсан Нийслэлийн Ардчилсан нам 2016 оны сонгуульд харамсалтайгаар ялагдал хүлээхэд сонгуулийн Ерөнхий менежерээр нь Д.Баттулга ажиллаж байсан гэдгийг хүн бүхэн мэднэ. Мөн түүнийг намаа удаа дараа ялагдалд хүргэсэн хэрнээ одоог хүртэл эрх мэдэл албан тушаалын төлөө мацахаар улайрч Нийслэлийн Ардчилсан намыг өөрийнхөө гэр бүлийн нам болгочих туйлын хүсэл мөрөөдлийг тээж яваа нэгэн хэмээх мэдээлэл хэвлэлээр гарч эхлээд байна. Тухайлбал, тэрбээр жолоочийнхоо эхнэрийг СБД- ийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ахлах ажилтнаар томилуулсан. Эхнэр Ариунтунгалагаа ЧД-ийн Үндэсний бодлогын хорооны эмэгтэйчүүдийн суудалд нэр дэвшүүлээд зогсохгүй эхнэрийнхээ эгч Тайванхүүг Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ажилд авсан. Угтаа бол дээрх хоёр хүн хоёулаа Ардчилсан намд ямар ч хамааралгүй хэрнээ Д.Баттулгын нөмөр нөөлөгт багтаж ийнхүү намын нөхдийнх нь өмнүүр хөндөлсөж орсон нь энэ аж. Мөн Д.Баттулгын бэр Х.Болормаа Сүхбаатар дүүргийн Засаг даргаар томилогдсон бол өдгөө хүргэн дүү Энхболдыгоо дүүргийн Тамгын газрын даргаар томилжээ. Тамгын газрын даргаар томилогдсон Энхболд эхнэрээ дүүргийн шагнал хариуцсан мэргэжилтнээр ажиллуулах тушаал хүртэл гаргуулаад амжсан аж. Мөн Д.Баттулгын төрсөн дүү Дашкагийн өмчлөлд байх “Би Эм Жи Эл” ХХК Сүхбаатар дүүргийн тендерийн ажлыг ёс мэт авдаг гэнэ. Энэ компани автомашины дугуй түгжих бизнесээр хөлжснийг саяхнаас хэвлэлүүд ил болгож эхэлсэн юм. Мөн Засаг дарга Х.Болормаа нь сонгуульд ялалт байгуулсан Ардчилсан намын гишүүдийг ажлаас нь хоморголон халж, ялагдсан МАН-ын гишүүнийг өөрийнхөө орлогчоор томилсон нь намын жирийн гишүүдийнх дургуйцлийг төрүүлж эхэлжээ.

Намынхаа дүрэмд юу гэж
заасан бэ?


Ямартай ч эдгээрээс харахад Д.Баттулга нийслэлийн АН-ын дарга боллоо гэхэд хэр ахиц гарах бол гэдэг нь асуудалтай. Угтаа бол хоёр нэр дэвшигчийн хэн нь хэн бэ гэдгийг аль хэдийн намынх нь нөхөд тодорхойлоод гаргасан байна. Хэрвээ уншигчид санаж буй бол өнгөрсөн бямба гарагт Ш.Түвдэндорж, Д.Баттулга нарыг Баянзүрх дүүргийн Ардчилсан намын гишүүдэд мөрийн хөтөлбөрөө танилцуулж байх үед Д.Баттулгад хандаж заалнаас гишүүд нь дараах зүйлийг хэлж байсан юм. “17 жилийн турш СБД-ийн АН-ын дарга байсан Д.Баттулга өөрийнхөө бэрийг хэд хоногийн өмнө дүүргийнхээ намын дарга болгосон. Бас бэрээ СБД-ийн Засаг дарга болгож, дүүргийн орлогчоор өөрийн хамаатныг тавьж, Тамгийн газрын даргаар мөн садны хүнээ томилсон гэж яригдсан. Д.Баттулгын энэ үйлдэл нь намын нөхдөдөө итгэдэггүй, хамтран зүтгэх боломжгүй мэт санагдлаа” хэмээх хатуухан үгийг чулуудаж байв.
Юутай ч энэ бүхнээс үүдэж Ш.Түвдэндоржийг нам дахь талцал туйлшралыг намжаан, эв нэгдлийг бэхжүүлэхээс гадна хувийн эрх ашгийг урьтал болгохгүй ажиллах сайн талтай хэмээн гишүүд нь үзэж буй бол Д.Баттулгыг намынхаа Үндсэн дүрмийг тоодоггүй, намдаа бус гэр бүлдээ болон МАН-д үйлчилдэг нэгэн гэж үзэж буй аж. Ийн хэлэхийн учир нь АН-ын дүрэмд “АН сонгуульд олонхи болоогүй тохиолдолд тухайн шатны намын дарга, дэд дарга нар, ХЭГ-ын даргыг огцорсонд тооцно. Түүнээс гадна тухайн үеийн ИТХ-ын дарга, Засаг дарга байсан намын гишүүн нь намын удирдлагын дараагийн сонгуульд нэр дэвших эрхгүй” гэсэн заалт байдаг байна. НИТХ-ын даргаар ажиллаж үзсэн Д.Баттулгад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга гэдэг сэтэр нь чамлалтай санагдаж намынхаа дүрмийг үл тоон Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшихээр зүтгэж буй нь гишүүдэд таалагдахгүй байгаа юм.
Энэ бүгдээс үүдэж намынх нь нөхөд хоёр нэр дэвшигчийн хэн нь хэн бэ хэмээн өөр хоорондоо хэлэлцэж, дотроо битүүхэн морио уяаад эхэлчихжээ. Энэ хоёр хүний хэн нь гарснаас шалтгаалж удахгүй болох Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувь заяа ч шийдэгдэх юм. Өөрөөр хэлбэл, АН-ын гишүүд Ерөнхийлөгийн сонгуулиас гадна гурван жилийн дараа болох нийслэлийн Иргэдийн хурлын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулах хүчирхэг нам болгон шинэчилж чадах тулхтай хүн хэрэгтэй гэж үзэж буй юм. Эцэст нь хэлэхэд 2012 онд намаа ИТХ-д анх удаа олонхи болгосон Ш.Түвдэндоржийн ялалтыг Д.Баттулга буухиалж чадах болов уу гэдэг нь эргэлзээтэй.

Эх сурвалж: