Өнгөрсөн баасан гарагт АН жагсаал зохион байгуулав. Хэдэн намын төлөөлөл нийлж хэсэг орилж байгаад тарав. Жагсаалын сүр хүч нь ердөө л энэ байв.
Уг нь нийгэмд дуулиан тарьж, асуудлыг анхааралд өртүүлж, ард олны дуу хоолой болж чадна гэсэн хүлээлт АН-ын жагсаалт байв. АН-ын жагсаал ард олны дуу хоолой болох ёстой гэх хүлээлт ч байлаа. гэвч сүр дуулиантай болно гэсэн жагсаал сүржигнэлтээс өөр хийрхэл үгүй болж өнгөрөв.
АН-ын жагсаал нь тэнд ирсэн намын дэмжигч нарын хэсэг бүлэг хүмүүс хоорондоо уулзаж, нэг хэсэг нь зургаа даруулж, нөгөө хэсэг нь орилсон дүр эсгэх төдийхнөөр өндөрлөж байгаа харагдав.
Уг нь 10 дугаар сарын улс төр АН-ын рейтингээ өсгөх, алдсан боломжоо өвөртлөх, нөхөн сонгуульд өөрсдийгөө харуулах, өргөн хэрэглээний барааны үнэ, шатахууны хомсдол, таван толгойн түлшний дугаарлалт, ковид-19 өвчин гэх мэт нийгмийн бухимдуулсан бүхнийг сөрөн зогсч, сөрөг хүчин гэдгээ харуулах тэмцлийнх нь эхлэл байв. Гэвч энэ эхлэл нь үнэхээр даржин болчихлоо. Сөрөг хүчин жагсаал зохион байгуулна хэмээн цээжээ дэлдсэн ч тэд бусад дэмжлэгээ таг мартчихжээ.
Нийгмийн сүлжээнд АН-ын жагсаалыг дэмжиж өгүүлбэр холбоод сууж буй хүн алга. Тэд талбай дээр хүн цуглуулсан ч нийгмийн сүлжээнд хүн ажиллуулж чадсангүй. Угтаа бол сөрөг хүчин нийгмийн сүлжээг жагсаалын сүртэйгээ давхцуулсан донсолгож, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжлэгийг авах ёстой байв. Гэтэл аль аль нь байдаггүй.
Угаасаа АН-ыг дэмжиж ажиллах хэвлэл мэдээллийн хэрэгсэл цөөхөн байгаа. Бизнесийн зарчмаар сонгуулийн үед ажилласан хэвлэл мэдээллийн байгууллагын өр төлбөрийг төлөөгүй АН-ын өмнөх удирдлагын балаг өнөөдөр ч арилаагүй байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд төлбөрөө төлөөгүй АН-аас нүүр буруулсан нь дамжиггүй ээ.
Сөрөг хүчин улс төрд сөрж зогсох гэж буй бол нэг биш гурав дөрвөн замаар зэрэг тэмцэл өрнүүлэх, түүндээ таарсан тактикаа боловсруулахгүй бол та бүхний тэмцэл хаданд хашгирсан лугаа болно доо.