Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индэр дээрээс тэрбум мод тарихаа зарлав. Монголд энэ талаар хэлэлцүүлэг өрнөж байна. Тэр дундаа олон нийтийн сүлжээнд бүтнэ бүтэхгүй, болно болохгүй гэсэн талцал хэрүүл болж өрнөв.
Тэрбум мод тарих бол асуудал биш. Тэрийг хийх шиг амархан зүйл байхгүй гэдгийг мод тарьдаг, жил бүр хавар намараа хэдэн арван мод суулгаад орхидог та бид мэднэ. Мод бол тарих амархан. Харин таны тарьсан мод ургасан уу гэдгийг одоо хэдүүлээ бодож үзье.
Хавар Монголын тал нутгаас эхтэй шар шороон шуурга нь Зүүн Азийн орнуудад “тийрэн” болоод удаж байна. Манай орны тал нутагт дэгдсэн түйрэн Хятадын ихэнх нутгийг дайрч, Солонгосын хойгоор дамжин, Япон цаашлаад Номхойн далайг гатлан Канад, Хойд Америкт хүрдэг. Тэдгээр улсын толгойны өвчин Монголын шар шороон шуурга болоод байгаа. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх Конвенцийн хүрээнд цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэх Зүүн хойд Азийн сүлжээг Монгол, Хятад, БНСУ хамтран санаачилсан бөгөөд сүүлд ОХУ нэгдсэн гэдэг.
Монголын түйрэнтэй тэмцэх нь ганцхан монголчуудын биш Зүүн Азийн орнуудын асуудал гэсэн үг. “Мод тарих ажил зөвхөн монголчуудын асуудал биш. Хөрш зэргэлдээ орнууд, тэдгээрийн нийгэм, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг учраас дэлхий нийтийн асуудал” болсныг У.Хүрэлсүх гэдэг улс төрчийн зарласан тэрбум мод тарина гэх үг хөрш орнуудын удирдагч нарт таалагдсан сэдэв болоод байна.
Тарих бус тарьсан модоо ургуулах тал дээр хамтдаа хичээж, шинжлэх ухааны ололтыг ашиглах тал дээр хамтран ажиллах боломжтой гэдгээ БНХАУ, Солонгос, Япон зэрэг улсын эрдэмтэн судлаачид яриад эхэлжээ.
Гол нь тарих нэг хэрэг. Харин тарьсан мод нь ургах ёстой. Энэ ажлыг хийхийн тулд нэн тэргүүнд нэг модыг ургуулах зардлыг нэмэгдүүлэх шаардлагатай талаар байгаль орчны мэргэжилтэнгүүд ярьж байна.