Залилах гэмт хэргийн улмаас иргэд 67,2 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна

Залилах гэмт хэргийн улмаас иргэд 67,2 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна

Цар тахалтай холбоотойгоор залилан мэхлэх төрлийн гэмт хэрэг нэмэгджээ. Ялангуяа цахим орчинд үйлдэгдэх гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд өссөн байна. Тодруулбал, энэ оны эхний 09 сарын байдлаар цагдаагийн байгууллагын хэмжээнд нийт 17350 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 2115 хэрэг буюу 10,9 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин залилах гэмт хэргийн тухайд 4327 бүртгэгдсэн. Энэ нь өмнөх оны мөн үеэс 25.1  хувиар өссөн буюу нийт гэмт хэргийн 24.9 хувийг эзэлж байна. Залилах гэмт хэргийн уүлмаас иргэд аж  ахуй нэгж байгууллагад учирсан хохирол 2019 онд 13 тэрбум байсан бол 2020 онд 67,2 тэрбум төгрөгт хүрээд байна.

Залилах гэмт хэргийн улмаас иргэд 67,2 тэрбум төгрөгийн хохирол амсаад байна ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Урьдчилан сэргийлэх ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Б.Нямсүрэнтэй ярилцлаа.

Танай байгууллагаас энэ төрлийн гэмт хэргээс сэргийлэх сэрэмжлүүлэг мэдээлэл их гаргадаг. Гэтэл залилангийн гэмт хэрэг  яагаад нэмэгдээд байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр нарийн судалгаа, шинжилгээний үндсэн дээр нөлөөллийн аян, арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулдаг. 

Сүүлийн үед иргэд фэйсбүүк хаягийнхаа нууц үгийг алдах тохиолдол их гарах болсон. Тухайлбал, фэйсбүүк рүү нь төрсөн өдөр, утасны дугаар зэргийг нь оруулж нэвтрэхийг оролдох тохиолдол их гарч байна.  Иймээс иргэд нийгмийн сүлжээ, цахим хэрэгслийнхээ нууц үгийг тоо, үсэг, тэмдэгт холилдсон байдлаар хийх хэрэгтэй. 

Фэйсбүүк хаяг руу нь нэвтрээд найзаас нь “мөнгөний хэрэг яаралтай гарчихлаа, зээлээч. Хоёр цагийн дараа эргүүлээд өгье” гэх зэргээр цахим орчинд залилан үйлдэгдэж байна. 

Цаг үеийн шинжтэйгээр уг төрлийн гэмт хэрэг ихсэх багасах тохиолдол байдаг уу?

-Байлгүй яахав. Сургууль, цэцэрлэг эхэлж буй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ сайн сургуульд оруулах, бусад улс орон руу сургуульд явуулах зэргээр мөнгөний хэрэгцээ нэмэгддэг. Мөн хөдөө, орон нутгаас нийслэл рүү шилжилт хөдөлгөөн ч ихэснэ. Тэгвэл энэ үеэр залилагч этгээд тэдний хүсэл сонирхолд тулгуурлан хямд үнэтэй боломжийн нөхцөлтэй байр түрээсэлж, ордерыг нь хуурамчаар үйлдэх тохиолдол гардаг. Мөн цаашлаад 5-6 хүнд давхар түрээсэлж залилах гэмт хэрэг ихээр бүртгэгддэг. 

Мөн цахим орчин, зарын сайтуудад “хямд, таатай нөхцөлтэй байр түрээслүүлэх” зар байршуулж зарын дагуу холбогдсон иргэдээс энэ байрыг “Одоо хүн түрээслэх гээд үзэж байна. Та урьдчилгаа мөнгө шилжүүлбэл нөгөө хүнийг болиулаад хадгалж байя” гэх хэлбэрээр иргэдийг залилдаг тохиолдол бий. Ер нь ямар ч тохиолдолд rap утас, цахим орчинд, дэлгэцийн цаана хэн байгааг нь мэдээгүй хэрнээ бусад руу мөнгө шилжүүлж болохгүй. 

Цахим залилангийн гэмт хэрэг ямар ял шийтгэлтэй байдаг вэ?

-Эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450-14 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Эсвэл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх болон зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Мөн зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. 

Түүнчлэн тухайн гэмт хэргийг хүндрүүлэх зүйл заалт гэж бий. Албан тушаалын байдлаа ашигласан, бусдад их хэмжээний хохирол учруулсан бол найм хүртэлх жилийн хорих ялаар шийтгэнэ. Мөн дээр дурдсан олон шатлалт пирамид луйврын арга ашигласан, энэ үйлдлээ байнгын орлогын эх үүсвэр болгосон бол 12 жил хүртэлх хорих ялаар шийтгэдэг хуулийн зүйл заалттай байдаг.

Иргэний фэйсбүүк хаяг руу хууль бусаар нэвтэрч бусдыг залилсан тохиолдолд 2,700 -10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох болон зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлана. Мөн зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан.

Цахим залилангийн хохирлыг яаж барагдуулах вэ?

-Монгол Улсад үйлдэгдэж байгаа цахим залиланг дотоодод болон хилийн гаднаас үйлдэж байна. Хилийн гаднаас үйлдэгдсэн гэмт хэргийн хохирлыг барагдуулах боломж хязгаарлагдмал. Бараг л боломжгүй. Цар тахлын улмаас олон аж ахуйн нэгж, иргэд цахимаар ажиллаж эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор цахим хэрэгсэл ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн тоо өслөө. Мөн мөнгөний урсгал гадаад улс руу чиглээд байна. Тэгэхээр иргэд төдийгүй Монгол Улсын эдийн засагт хор хөнөөлтэй. 2017-2021 оны байдлаар олон шатлалт пирамид тогтолцооны аргаар үйлдэгдэж байгаа гэмт хэргийн улмаас 27.4 тэрбум төгрөгийг бид гадагш шилжүүлээд алджээ. 

Өөрийн санаандгүй байдлаасаа залилах гэмт хэргийн сэжигтэн болох тохиолдол байдаг гэж сонссон?

-Иргэд бодит бус мэдээлэлд итгэж, нягтлаагүй мэдээллээ бусадтайгаа хуваалцах, бусдад зөвлөгөө өгөх зэргээс болж залилангийн гэмт хэргийн хохирогч болсоор байна. Тухайлбал, БНХАУ- ын Эрээн хотод амьдардаг Монгол Улсын иргэн Д гэгч нь 2020 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр “Маск их хэмжээгээр нийлүүлнэ" гэж иргэн Б-д санал болгож 8,400,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Мөн “Онлайн шоп"-оор амны хаалт худалдана гэсэн зарын дагуу иргэн Г.М нар нь Герман улсын “Estapar- masitcalius" компани руу энэ оны гуравдугаар сарын 2-ны өдөр 117 сая төгрөг урьдчилгаа хэмээн шилжүүлэн залилуулсан тохиолдлууд бүртгэгдэн шалгагдаж байна. 

Залилах гэмт хэргээс хувь хүмүүс хэрхэн урьдчилан сэргийлэх хэрэгтэй вэ? 

-Залилан мэхлэх гэмт хэргийн онцлог нь гэмт этгээд нь үргэлж тухайн цаг үеийн шинэ мэдээ, мэдээлэлтэй уялдуулан хохирогчдын амар хялбар аргаар ашиг олох гэсэн сэдлийг ашиглан гэмт үйлдлээ хэрэгжүүлдэг. 

Гэмт хэргийн хохирогчид өөрийгөө залилуулж байгаа мэдэлгүй 2-3 жил ч болчихсон тохиолдол байдаг. Учир нь тухайн хүний итгэлийг олж аваад урвуулан ашиглах замаар "Одоо ганцхан бичиг баримт бүтчихвэл наад ажил чинь бүтчихнэ, дахиад хэдэн төгрөг нэмээд өгчихвөл яг болох гээд байна"’ гэх мэтээр даамжруулдаг. Ингэснээр өмнөх үйлдлүүдийнх нь түүх, нотлох баримтууд бага багаар устдаг. Тиймээс иргэд хэн нэгэнтэй эрх зүйн, эдийн засгийн харилцаанд орж байгаа тохиолдолд маш хянуур хандах ёстой.

Ялангуяа, тухайн байгууллага нь хууль ёсных мөн үү, энэ чиглэлийн үйл ажиллагааг хэдэн жил эрхэлсэн байна, тогтвор суурьшилтай үйл ажиллагаа явуулж байна уу, өөрт чинь амлаж байгаа амлалтууд биелэх боломжтой юу гэдгийг нягталж үзэх хэрэгтэй. Сүүлийн үед иргэн аж ахуйн нэгжийн талаарх үнэн бодит лавлагаа мэдээллийг цахимаар авах боломжтой болсон. Тиймээс иргэд эдгээр боломжийг ашиглаад өөрөө энэ төрлийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Сүүлийн үед ямар төрлийн цахим гэмт хэрэг хамгийн их бүртгэгдэж байна? 

-Азтан тодруулах, онлайн худалдаа нэрийдлээр иргэдийг их залилаж байна. Ер нь нийгэм, эдийн засгийн хөгжлөө дагаад иргэд бараа бүтээгдэхүүнийг лангуугаар үйлчлүүлж худалдаж авах хандлага буурч байна. Үүнтэй холбоотой дэлгүүрт хүний барааны хажууд очиж зогсоод өөрийн мэт ярьж сурталчилж захиалга аваад залилан хийдэг хүмүүс ч байна. Тиймээс иргэд ямар ч худалдан авалтад урьдчилгаа төлбөр шилжүүлэхгүй байх хэрэгтэй. Барааны худалдан авалт хийж байгаа бол нүдээр үзэж, үнэ хөлсөнд тохирсон эсэхийг шалгаад авах зүйтэй гэж зөвлөмөөр байна.