ТӨСӨВ 2022: Хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэнэ

ТӨСӨВ 2022: Хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэнэ

Намрын чуулган нээлтээ хийхийн урд өдөр \2021.09.30\ Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан.

Ирэх оны төсөвт тусгаснаар экспортыг дэмжих, худалдааг хөнгөвчлөх арга хэмжээний хүрээнд хил дээрх зарим байгууллагыг нэгтгэх арга хэмжээг авч ажиллах аж.

Тодруулбал, хилийн мэргэжлийн хяналтын албыг гаалийн байгууллагатай нэгтгэнэ хэмээн тусгасан байна.

Хилийн мэргэжлийн хяналтын албаны чиг үүргийг гаалийн байгууллагад нэгтгэж гадаад худалдаа эрхлэгчдээс шаардах баримт бичиг, биет үзлэг, шалгалтын тоог бууруулна гэж үзэж буй аж. Мөн гаалийн шинэчлэлийн хүрээнд гаалийн үйлчилгээ, хяналт шалгалтыг цахимжуулж, орчин үеийн дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж ашиглан хүний оролцоог бууруулж, иргэд, аж ахуйн нэгжийн гадаад худалдаанд зарцуулах цаг, зардлыг хэмнэх юм байна.

Засгийн газраас хэрэгжүүлж байгаа гаалийн шинэчлэлийн хүрээнд 2022 онд Замын-Үүд, Боршоо боомтын шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлыг дуусгаж хилийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлнэ. ЗамынҮүд хилийн боомтын зорчигч тээврийн хэсэгт 30, ачаа тээврийн хэсэгт 28 барилга байгууламж, зам талбайг шинээр ашиглалтад оруулснаар өдөрт нэвтрэх зорчигчийн тоо дөрөв дахин, ачааны автомашины тоо гурав дахин, суудлын автомашины тоо долоо дахин нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжүүдэд түргэн шуурхай үйлчлэх боломжийг бүрдүүлнэ гэжээ.

Орчин үеийн өндөр хүчин чадал бүхий рентген, дээж авагч тоног төхөөрөмж, гаалийн төрөлжсөн лабораториудыг ашиглаж экспортын эрдэс бүтээгдэхүүний хэмжээ, агуулга, чанарыг үнэн зөв, шуурхай тодорхойлж татварыг бүрэн хураана.