ХАЛТАР САЙДЫН ХАМАР ДОР ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

ХАЛТАР САЙДЫН ХАМАР ДОР ЮУ БОЛООД БАЙНА ВЭ?

Мэргэшсэн луйварчид тендер будилиулсаар…

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын бүтээн байгуулалт дуусах дөхөж байна. Гэтэл үндэсний их бүтээн байгуулалтыг саатуулах хүчин бүрэлджээ. Тухайлбал: Шинэ төмөр замын дохиолол холбооны ажлын тендер будилж, буруугаар эргэж орхив.

Юу болов, яав ийв?

Хэвлэлээр Зүүнбаян-Цэций төмөр замын төслийн Холбоо дохиоллын системийн сонгон шалгаруулалтад Korea National Railway шалгарч гэрээ байгууллаа гэсэн мэдээ гарав. Гэтэл яг гэрээн дээр гарын үсэг зурах болсон чинь “Буксан Пауэр” гэж компани ажлыг гүйцэтгэх болоод явчихжээ. Энэ бол залилан мэхэлж, луйвар хийж байгаагийн эхний шинж тэмдэг юм. Хэрвээ та “Буксан Пауэр” гэж юун компани болохыг судалбал дараах зүйлс тодорно. Нэгд, энэ компани Зүүнбаян-Цэций чиглэлийн төмөр замын тендерт огт оролцоогүй. Korea National Railway гэж том компанийн нэр ашигласан бололтой.

Дараа нь энэ компаниас МТЗ-д ирүүлсэн танилцуулга мэдээлэл нь компанийн албан ёсны цахим хуудаснаасаа тэс зөрүүтэй байна. Компани анх 1979 онд байгуулагдсан гэх боловч 2000 онд “Буксан Инженеринг” компани болон өөрчлөн байгуулагдаж, Монголын төсөлд оролцох гээд байгаа “Буксан Пауэр” компани нь үндсэн компанийн хэлтэс хэлбэрээр 2009 оноос ажиллажээ. Үндсэн үйл ажиллагаа нь эрчим хүчний зураг төсөл, хяналтын ажил гүйцэтгэх бөгөөд төмөр замын холбоо дохиолол, удирдлагын системийн талаар ямар ч туршлагагүй, энэ чиглэлийн тоног төхөөрөмж, системийг үйлдвэрлэгч бус компани ажээ. Энэ талын ямар ч туршлага, чадваргүй учраас “Буксан Пауэр” компани тендерт оролцсон бусад компаниудад туслан гүйцэтгэгч болох санал тавьж яваа.

Өөрөөр хэлбэл тэд тендерийн ченж гэх ажлыг хийх гэж байгаа юм. Өндөр дүнтэй тендер аваад цааш ацаглаж, зарж дундаас нь сул мөнгө унагах нь тэдний зорилго. Үр дүнд нь монгол улс цаг хугацаа, чанар гээд олон талаар хохирох болно.

Тендер будилуулагчид хэн бэ?

Тэгэхээр тендерт оролцоогүй, тендерт заагдсан ажлыг гүйцэтгэх туршлага, чадваргүй компанийг хэн шалгаруулчихав гэдэг дараагийн асуулт урган гарна. Монгол жоохон учраас будлианы эзэд тэр дороо тодорч байна.

Луйврын ажиллагааг гардан зохион байгуулагч нь  Зам, тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур гэгч ажээ. Тэр мэдээж дээвэргүй, аргүй бол зүрхэлж хөдлөхгүй. Тэрээр өмнө нь ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халдсан хэрэгт нэр холбогдон ажлаас чөлөөлөгдөж байсан. Гэтэл одоо “хонгилын” шүүхийн тусламжтайгаар эргэн ирсэн бололтой.  Тэр ч бүү хэл ТӨХК-ийн ТУЗ-ийн даргын албан тушаалыг давхар хаших болжээ.

Б.Махбал нь Ч.Ганбаяр, Б.Артур, Д.Цэцэгмаа нартай архидан согтуурсныхаа дараа Т.Гомбосүрэнгийн амт насанд зэрлэгээр халдсан байдаг.

Ийм бараан зам мөртэй Б.Артур ахин хууль зөрчихөд хэн зоригжуулж, бусармаг үйлдэлд түлхээд байна гээд хайвал А.Гансүх гэгч тодорч байна. Зам тээврийн сайдын алба хашиж байх үеэсээ энэ этгээд Б.Артурын ивээгч, дээвэр, ар нь болсон юм.

Гадаадын хөрөнгө оруулагчдыг боомилох, цөлмөн дээрэмдэхдээ мэргэшсэн гэж түүнийг нийтлэлч Баабар удаа дараа цоллож, бичиж байсан ч нэг ч удаа гомдол мэдүүлээгүй, чимээгүй өнгөрөөсөн байдаг. Ерөнхий сайд саяхан ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх “шударга бусын хонгилоор” иргэдийг эрүүдэн шүүх асуудалд гүнзгий оролцсон байж болзошгүй. Тийм учраас энэ хүнд ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах эрх ёс зүйн хувьд байхгүй. ҮАБЗ-ийн гишүүний хувьд би энэ асуудлыг гаргаж тавина” хэмээн мэдэгдэж байв. Шүүх, прокурор, АТГ, тагнуул, өмгөөллийн байгууллагуудын сүлжээ бүхий “хонгил” гэх зүйл хэвээр байж, хэрэг наймаалцсаар байгааг Ерөнхий сайд дахин сануулсан нь энэ.

А.Гансүх - Б.Хурц - Б.Баасанцогт... гээд хөврөх хуулийн сүлжээ Б.Артураар дамжин төмөр замын тендерт хуруугаа дүрсэн гэж ойлгогдохоор үйл явдлууд өнөөдөр өрнөж эхэллээ. Яагаад тендерт оролцоогүй компани тендерт ялав?, ажлын туршлага огт байхгүй компаниар ажил гүйцэтгүүлэх бөх зүрх хэн гаргав? Гээд хуулийнхны шалгаж нягтлах асуудал одоо хөврөх биз ээ.

МТЗ ТӨХК-ийн захирал асан Р.Батсүх нь А.Гансүх, Б.Артур нарын хөлийн хурууны үзүүр бөгөөд тендерийг Солонгосчуудад өгөх ажлыг гардан хийсэн. Ингэхдээ Зэвсэгт хүчний жанжин штабыг худал мэдээллээр хангаж, тендерийг будилуулсан. Будилуулсан тендерээ өөрөө гарын үсэг зурахгүй бүтэн жил явсаар МАН намаас шинээр томилогдсон О.Батнасангаар Солонгосчуудтай гэрээ байгуулуулж дөнгөжээ. Өөрөөр хэлбэл гэмт хэрэгтнүүд хэзээ ч ул мөр үлдээхгүй, харин төмөр замын талаар “А” үсэг ч байхгүй О.Батнасан гарын үсэг зурснаараа асуудалд унана. МТЗ ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Артур нь О.Батнасанг шахаж Р.Батсүхийг зөвлөхөөр ажиллуулахыг үүрэгдээд байгаа нь гэмт хэргээ ул мөргүй үргэлжлүүлэн гүйцэтгэх санаархал аж.

А.Гансүх нь Japan town гэх тансаг хороололд хөрөнгө оруулсан японы иргэнийг хар тамхины хэрэгт гүтгэж баривчлуулж, сүрдүүлж байгаад газрыг нь булаан авсан гэх мэдээллийг Баабар, Ц.Бат нарын нийтлэлчид удаа дараа гаргаж тавьсан. А.Гансүх нэг ч удаа тайлбар өгөөгүй, гомдол гаргаагүй. Гэхдээ хуулийнхан энэ хэргийн араас хөөцөлддөггүй. Энэ нь өнөөх “хонгилын” сүлжээ, сүлбээгээр үгүйсгэгдэж дарагдаж өнгөрдөг байх магадлалтай юм. А.Гансүх Өмнөд Солонгосын компаниудтай том төслүүд дээр хамтардаг зуршилтай нэгэн. Тэр Зам тээврийн сайд байхдаа Самсунг Си энд Ти гэх компанитай холбогдон уг компанийн эзэн монголын шүүхээс ял аваад салсан билээ.

Нийтлэлч Баабар түүнийг “ГАНСҮХ БОЛ ХҮНИЙ АДАГ” хэмээн тодорхойлсон нь одоо ч хүчинтэй байна. Сүүлийн үеийн мэдээллээр А.Гансүх япончуудаас булааж авсан газраа үнэд хүргэн зарсан. Одоо даатгалын компаниа үнэд оруулж солонгосчуудад зарахаар завдаж байгаа ажээ.

Хэвлэлээр “2010 онд 270 төрийн өндөр албан тушаалтнуудаас таван хүнийх нь нийт орлого 70 - 80 хувь өссөн, тэдгээрийн нэг нь А.Гансүх сайд” хэмээн бичсэн нь одоо ч бий. Ийм нэгэн хүний адаг одоо хүртэл хуулийн хариуцлагаас зугтсаар, тендер үймүүлсээр явна.

МТЗ компани илт луйврын шинжтэй гэрээ хэлцлийг яаралтай цуцалж, залилан мэхлэлтэд хамтран оролцогч байхаас татгалзахгүй бол олон бэрхшээл, зовлонг араасаа дагуулах нь ээ.

Г.Артаг