БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр 29-р сургуулийн нөхцөл байдлын талаар байр сууриа илэрхийлжээ. Түүний хувьд тус сургуулийн сурагчдын гаргасан эсэргүүцлийг судалж үзэхээ илэрхийлсэн байна. Ажлын хэсгийг яамнаас гаргаж, сургууль дээр ажиллуулж байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид амарсан учраас ажлын хэсгийн дүгнэлт хараахан гарах болоогүй. Үнэхээр багш нарт зөрчил байна уу? эсвэл Сургуулийн удирдлагад ямар нэгэн асуудал байгаа эсэхийг ажлын хэсэг тогтоох зэрэг асуудлыг хөндөн ярив. Ажлын хэсэг гаргадаг нь сайн хэрэг. Харин ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтанг өмөөрөх гэж ажлын хэсэг байгуулсан бол тун харамсалтай. Ингэж хэлэх шалтгаан нь Ё.Отгонбаяр дэд сайдын яриан дотор Сургуулийн удирдлагыг буруутгахаасаа илүү эсэргүүцсэн хүүхдүүдэд зэм хүртээх гэсэн өнгө аяс цухалзаж байна.
БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр
Бичлэгийн эх сурвалж: gogoyoutube хуудас
Дэд сайдын үгнээс нэгэн хачирхалтай тайлбар гарчихлаа. Та сонссон л байх. 29-р сургуулийн сурагчид ярьж чаддаг болоод 12-р ангиа төгсөх ёстой. Яаж хэлгүй хүүхэд ярьдаг болно гэж. Өнөөх ид шид гэгч нь 29-р сургуулийн багш нарт байгаа хэрэг үү? Хэлгүй хүүхдийг яриулж чадах тийм мундаг хичээлийн программ 29-р сургууль боловсруулчихсан юм болов уу? Тийм байсан бол тэр сургуулийн тухай та бид өдөр бүр шуугиж, улс орон, цаашлаад дэлхий дахинд шагшигдаж байх нь дамжиггүй. Хэлгүй хүүхэд хэдэн жил хичээл ном үзсэн ч хэлд орж чадахгүй нь ойлгомжтой. Тэр утгаараа л эдгээр хүүхэд хичээлээ дохионы хэлтэй багшаар заалгаж шууд ойлгож авахыг хүсч байгааг яагаад БСШУ-ны дэд сайд Ё.Отгонбаяр ойлгохыг хүсэхгүй байна вэ?
29-р сургуулийн сурагчдын эсэргүүцлийн байр суурь
Бичлэгийн эх сурвалж: gogoyoutube хуудас
Ярьж чаддаг байсан бол хүүхдүүд тусгай сургуульд сурахгүй. Тэд хөгжлийн бэрхшээлтэй. Хэл ярианы чадвар байхгүй учраас л 29-р сургуульд эрдэмд шамдаж, дохионы хэлээр хорвоогийн оюуны мэдлэгээс шүүрдэж суугаа шүү дээ. Гэтэл салбарын дэд сайд нь хэлгүй хүүхдийг хэлд ороод сургууль төгс гэж үүрэгдэх нь амьдралтай огт авцалдахгүй байна. Харин ч яамнаас томилсон сургуулийнхаа захирлыг өмгөөлсөн өчүүхэн тайлбар мэт дуулдаж байгаа юм.
29-р сургуулийн захирлыг БСШУЯ томилдог. Харин сургуулийн захирал нь ажил олгогч гэдэг утгаараа багш нарыг сонгон авч хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулдаг байна. Ийм л энгийн ойлголтын цаана тусгай сургуулийн сурагчдыг буруутгах гэсэн өнгө аяс цухалзаад эхэллээ. Эрхээ хамгаалж, үгээ дохиогоор илэрхийлж, үзэл бодлоо дохионы хэлээр та бидэнд танилцуулсан 29-р сургуулийн сурагчдын эрхийг яамны дэд сайд цээжээрээ хамгаалах бус цааш нь түлхэж буруутанг сурагчид өөрсдөө гэж хандах гэсэн мэт тайлбар өгсөн нь тун харамсалтай.