Ардчилсан нам. Монгол улсын ардчиллын туг хэмээн өөрсдийгөө тодорхойлдог. Монгол Улсад Ардчилал бат бэх суурших нь АН төрд байх эсэхээс хамаарна хэмээн тус намыг үндэслэгч нар болох өнөөдрийн үг хэллэгээр бол хуучуул тэгж ярьдаг.
Гэвч үнэн хэрэгтээ өнгөрсөн 30 жилийн хугацаанд АН-ын гэх тодотголтой улс төрчид төрд хэрхэн ялалт байгуулж, хаана хаана ямар амжилт гаргав. 1992 оноос хойш болсон УИХ-ын ээлжит болон нөхөн сонгуульд АН ялалт байгуулсан нь ганц хоёрхон. Тухайлбал 1996 онд олонхи. 2012 онд олууллаа болсон нь АН гэдэг намын төр барих боломжийг үүсгэсэн ялалт төдийхөн байв.
1992 оноос хойш АН гэдэг намын туг нь болсон Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Эрдэнэ, Р.Гончигдорж мэтийн хөгчүүл, Баабар мэтийн дуут шувуу нар нь өнөөдөр битгий хэл өнгөрсөн хугацаанд нь Монголын ард түмэнд үнэлэгдэж байгаагүй гэдгийг гэрчлэх баримт нь сонгуулийн үр дүн юм. Тэд ердөө л хоёр удаа олуулаа болсон баайна шүү дээ. Хамтарсан засгийн газарт орж ажиллаж байсан завшаан л АН-ыг том харагдуулдаг болохоос Ардчилсан сонгуульд ялалт байгуулж, төр захирсан түүх нь алга л даа.
2020 оны УИХ-ын сонгуулийн дараа АН булшлагдав. АН-ын хөгшчүүл зайгаа тавьж өгөх цаг болжээ. АН одоо залуужих хэрэгтэй хэмээн амтай болгон шуугиж байв. Угтаа бол энэ үгийг 2016 онд л АН ялагдахад хэлэх ёстой байлаа. Тэр үед л АН-ын дарга З.Энхболд онхолдож, ялагдал хүлээсэн. Намын дарга нь ялагдана гэдэг тэр намын даргатай бөөр бөгс нийлсэн үеийнхэн нь ялагдсан л гэсэн үг.
Гэтэл 2016 оноос хойш АН-ын эрх мэдэл З.Энхболд гэдэг хөгшин улс төрчөөс С.Эрдэнэ гэдэг бас л хөгшин улс төрчид шилжиж байв. Сахил хүртээд шал дордов гэгчээр АН-ынхан өнөөх л 1950,1960-аад оныхон эрх мэдлийг атгаж, залуусаа хаалганы цаана зогсоож, өөрсдөө буйдан дээр суугаад бялуу хувааж идэх тухай хууч хөөрч суусаар 2020 онтой золгож, сонгуульд яг л өнөөх өмнөх жишгээрээ оров. Тэд үр дүнд нь ялагдсан.
2020 оны сонгуулийн дараа АН-ын эрх мэдэлд залуус гарах цаг болсон гэж нийгэм бүхэлдээ дуугарсан ч харин эрх мэдлийн төлөө залуус нь дуугарч чадаагүй. Чимээгүй л алга ташиж суусан болохоос шуналдаа идэгдсэн ах нараа хөөгөөд зайлуулчих зоригтой залуу улс төрч АН гэдэг улс төрийн хүчинд алга.
Ах нарынхаа араас гарч чадахгүй, тэдний нүүр өөд хараад олигтой шүүмж хэлчих чадалгүй залуус АН гэдэг намд байдаг бололтой. Одоо болно. Та хойшоо суу. Таны эрх мэдэл намын ялагдал л болж байна гэж хэлээд ямар ч хамаагүй аргаар эрх мэдлийг атгачих зориг бас зүрх алга. Ийм залуус нэг мөр ах нартайгаа цуг нийлээд зодог тайлчих хэрэгтэй.
Эрх баригч МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ эрх мэдэлд хэрхэн хүрэв. Тэр улайрсан. Өөрийн намынхаа даргыг олны өмнө шүүмжилсэн, жагссан, турхирсан, бахирсан, бачуурсан. Болохгүй бүтэхгүй байж болох ч бололцоотой гэж бодсон бүхнээ хийсэн. Эцэст нь эрх мэдэлд хүрэв. Намынхаа залуусыг намын тэргүүн эгнээнд хүргэв.
Харин АН гэдэг улс төрийн хүчин Монголын улс төрийн гол нэг багана байсан бол өнөөдөр уруудаж, гурав дахь хүчин болтлоо дордов. Удахгүй бүр дөрөв, эсвэл тав дахь нэртэй жижиг нам болж мэднэ. Яг энэ хэвээрээ шуналтай ахмадууд нь суудлаа тавьж өгөхгүй. Сонгууль бүрт солиорч, өөрсдийгөө БИ ЛАГ гэдэг битүүхэн хөөрөгдөлтөөрөө орох юм бол дуусаа дуус.