Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар үлдэх үү унах уу гэдэг сонголтын өмнө ирчихсэн. Хэдийгээр өнөөдөртөө Засгийн газрыг бүрэн огцруулах талаар яриагүй байгаа ч маргааш гэнэт энэ яриа хүчтэй өрнөж мэднэ. Одоогоор сөрөг хүчин ч тэр, эрх баригч намын гишүүд ч тэр хэн хэн нь Засгийн газрыг дэнслэх тухай яриа гаргахгүй байна.
Гэхдээ эрх баригч намын УИХ-ын гишүүдийн зүгээс дан дээлтэй байгаадаа уурсаж, сайд нарт нөлөө үзүүлж чадахгүйдээ бухимдаж, болж өгвөл Засгийн газарт жижиг ч хамаагүй шахалт үзүүлчих арга эвийг хайж суугаа. Тэд хэсэг бүлэг болж байгаад намын даргын үүрэг гүйцэтгэгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хувь хүнд бус Засгийн газрын тэргүүнд шахалт үзүүлэх гэж хичээж байна. Өнөөх нь харин буруу ишэлсэн сүх шиг л гүлдийчихээд байгаа учраас байдал дээрдэхгүй, бас муудчихгүй яваа юм.
Л.Оюун-Эрдэнэ гэдэг залуу Ерөнхий сайдын танхим бүхэлдээ хүчгүй, зангараг байхгүй, улс төрчдөөр дүүрэн байна. Тус засгийн газарт Ерөнхий сайдынхаа өмнүүр ороод салбарын асуудлаа шуурхай барьж аваад галыг нь намжааж, гарцыг нь хэлээд шийдвэрийг нь гаргаад шуугианыг намжаачих сайд бараг л алга. Яахав улс төрд удаан байсан гэдэг утгаараа Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хууль зүйн сайд Х.Нямбаатар нар тодорч харагдаад байна. Тэд салбарынхаа асуудлыг өөрсөд дээрээ авч чадаж байна. Тус салбарын асуудлууд шууд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийн нэр дээр наалдаж, муу хэлүүлэхгүй байна.
Харин бусад салбар нь бүхэлдээ л Ерөнхий сайдын нэр дээр бүртгэгдэж, Засгийн газрын бүтэлгүй ажил болж харагдах болов. Тухайлбал Зам тээврийн сайд Халтар, Эрчим хүчний сайд Тавинбэх, Соёлын сайд Ч.Номин, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ёндон нарын цээжээрээ хамгаалах ёстой салбарын асуудал нь шууд л Ерөнхий сайдын буруу, Л.Оюун-Эрдэнэ л ажиллаж чадахгүй учраас ийм болчихлоо. Л.Оюун-Эрдэнэ та энэ асуудлаа шийд гэдэг дайралтад өртөж байна. Үүнээс харахад Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийг хамгаалаад, салбарын асуудлаа сайхан яриад явчих сайд алга даа.
Л.Оюун-Эрдэнэ та эрхтэн шиг далайсан гараа буулгаж, зарим сайд нараа явуулж, засгийн газраа жаахан зангарагатай болгох нь зөв байхаа. Энэ хэвээрээ явах юм бол элдэв хэл ам таниас салахгүй, эцэс сүүлдээ өөрөө онхолдож мэднэ шүү.