Ардчилсан нам эрх баригчидтай бус намын гишүүдтэйгээ тэмцдэг улс төрийн хүчин болжээ. Ингэж хэлэх шалтгаан бий. Өнөөдөр нийгэмд үүссэн бухимдал чамгүй их байна. Гэтэл сөрөг хүчний үүргээ биелүүлэхээ умартан огоорч, хэдэн гишүүнтэйгээ тэмцэлдэх нь хачирхалтай. Намын гишүүнээс хаслаа, парламент дахь бүлгээсээ хөөлөө хэмээн нэгнээ гоочилсон мэдээллийг шууруулж, нэг л их зөв зүйтэй алхам байгуулж, нийтийн эрх ашгийг хамгаалсан мэт аашлах болж.
Өнөөдөр цөөнхийн бүлгийн дарга асан Д.Ганбат гишүүн сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээ “Сөрөг хүчний дуу хоолойг илэрхийлж, эрх баригчидтай тэмцэх амаргүй ажил” гэж хэллээ. Тэгвэл яг үнэндээ эрх баригчидтай яаж тэмцэв гэдэг их сонин байна. Ядаж л нийтийн эрхийг хамгаалсан ямар арга хэмжээ аваад тэр нь хэрхэн үр дүнд хүрснийгээ тайлбарлах нь зүйтэй байх. Ерөнхийдөө нам нь хоёр тамгатай, бүлэг нь хоёр даргатай болсон байна. Ингэхээр дотоод асуудлаа шийдэж чадахгүй яваа нам сайн сөрөг хүчин байх магадлал үгүй.
Төрийн эрхийг гартаа авсан МАН-ынхны хийж буй буруутай үйлдлээс болж гомдол, бухимдал иргэдийн дунд үүссээр байхад нүдэн балай, чих дүлий гэдэг шиг эрх баригчидтай тэмцэж байна хэмээн хээвнэг ярьж суух нь зөв үү, Д.Ганбат дарга аа. Хамгийн наад захын жишээ нь шатахуун, сайжруулсан түлшний хомсдол, үнийн өсөлтийг дурдаж болно. Шатахууны хомсдолын үеэр ямар шахалт үзүүлэв, үнийн өсөлт хэдэн хувьтай явааг та мэдэх үү, сайжруулсан түлшний үйлдвэрт ганц удаа зочилсон уу гээд эзэнтэй асуулт бий. Өнөөгийн АН болон парламент дахь цөөнхийн бүлэг дотоод тэмцэлдээ хэт их анхаарал хандуулснаар иргэд, эрх баригчидтай тэмцэлдэх гол ажлаа мартжээ. Тиймээс ч МАН нь даварч, иргэдийн амьжиргаа, амьдрал туйлдаа хүрч, зовлонгийн далайд сэлүүргүй хөвнө. Ийм байхад сөрөг хүчний үүргээ чухам хүү сайн хийж байгаа мэт ярих нь хэр оновчтой юм бол.
Нэгэн сөрөг хүчний үүргээ биелүүлж, шахалт, шаардлагаа тавьж, нийтийн эрх эрх ашгийн төлөө тэмцэж чадахгүй бол АН, цөөнхийн бүлэг гэж байх хэрэг байна уу. Бүлгийн даргынх нь эрх мэдэл, эрх зүйн орчин, ухаан бодол нь иргэдийн төлөө гэсэн сэтгэлгүй болчихсон мэт. Гишүүдээ үзэн ядаж хөөж туусан л нэгэн. Энэ нийгмийн төлөө хийчих ажил олдохгүй байгаа мэтээр иймэрхүү асуудалтай зууралдах юм.
Ингээд харвал цөөнхтэй ч цөөнхгүй УИХ, эрх мэдэл, ашиг сонирхлын төлөө дотооддоо алалцаж, гишүүдээ хөөж туусан, чавганцын ажилтай л нам болон хувирчээ. Тиймээс МАН-тайгаа гар барилцаад, хөгжилтэйгөөр хөтлөлцөн гүйж, нэгдчихвэл яасан юм бэ. Цаашид худал дүр исгэн, цөөнх гэх хэрэг байгаа юм уу, сөрөг хүчний байр суурьгүй сульдаа нам болчихож гэсэн яриа нийгэмд түгсээр байна. Тус нам өмнөх парламентуудын үед сөрөг хүчний үүргээ чамлахааргүй хийж, нийгмийн төлөө хүчтэй дуу хоолой болдог байсан. Тэгвэл энэ цаг үед ёстой л суларсан, сульдаа болсон нь илт болсныг иргэд ч олж харжээ.
Ер нь, тэмцэгч чанараа алдаж, хулгайч нарын өмнө хүчгүйдэх, хүмүүсийн төлөө чангахан дуугарчих тамиргүй явах ямар шалтгаан байгааг тэд өөрсдөө олж харах нь зөв биз.