Агаарын бохирдлыг эсрэг зарцуулах мөнгө нэмэгдэх ч хийх ажил нь хэвээрээ  

Агаарын бохирдлыг эсрэг зарцуулах мөнгө нэмэгдэх ч хийх ажил нь хэвээрээ  

 2017 онд утааны эсрэг нэлээд хэдэн ажлыг хийнэ гэж эрх баригчид тайлбарлаж байгаа. 2017 онд агаарын бохирдлыг бууруулахад зориулан улсын төсвөөс таван тэрбум төгрөг гаргана. Энэ мөнгийг дараах ажилд зарцуулахаар Улсын нэгдсэн төсөвт суулгаж өгсөн байна.

  1. 3.5 тэрбум төгрөгийг шөнийн цахилгааныг хөнгөлөхөд,
  2. 450 сая төгрөгийг зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан зуух тараахад,
  3. 400 сая төгрөгийг  зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш тараахад,
  4. Үлдсэн 550 сая төгрөгийг үйл ажиллагааны зардалд болон олон нийтэд хандсан мэдээлэл сурталчилгаанд зарцуулахаар тусгажээ

 Ингэж зарцуулсан мөнгө дахиад л үр дүнгүй дуусах нь. 2017 онд 5,5 тэрбум төгрөгөөр Агаарын бохирдолтой тэмцсэн нэр зүүгээд л өнгөрөх гашуухан үнэн үлдлээ. Яахав эрчим хүчний хөнгөлөлт эдэлсэн хэдэн айлд л завшаантай хэрэг биз. Харин нийт Улаанбаатар хотынхоо хүн амын эрүүл мэнд талаас нь бодох юм бол нэг ширхэг ч зуухыг арилгаж чадахгүй дуусна. Нэг ширхэг ч зуух арилгахгүйгээр 5,5 тэрбум төгрөгийг агаарын бохирдолд зарцуулна гэдэг зөв бодлого лав биш.

Нийслэлийн гэр хороололд амьдарч буй 198 мянган өрхийн 30 хувь нь барилгын хог хаягдал, автомашины хуучин дугуй зэргийг шатаадаг гэсэн албан бус судалгаа зурайж байна. Эдгээр айлд 400 сая төгрөгөөр сайжруулсан түлш тараана гэсэн. ЯГ үнэндээ эдгээр айлын онгорхой, цоорхой гэрийн тэр сайжруулсан түлш нь дулаацуулж дөнгөдөггүй тухай иргэд хэлдэг. Иймээс л илчлэг өндөртэй, удаан шаталттай гэх шалтгаанаар өнөөх л автомашины хуучин дугуй, барилгын хог хаягдлыг шатаадаг байна. Бас л 10 хувь агаарын бохирдлыг бууруулна гэсэн худлаа тоо л цаасан дээр үлдэж байна.

Монгол улсын агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын засгийн газраас баталсан билээ. Уг хөтөлбөрийн хүрээнд Улсын хэмжээнд агаарын бохирдлыг бууруулах ажлыг зохион байгуулах юм. Энэ хүрээнд шинэ, шинэлэг ажлыг хийх нь үү гэсэн хүлээлт иргэдийн дунд байсан. Гэвч харамсалтай нь тийм биш. Харин ч өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлж хэдэн арван тэрбум төгрөгийг залгисан ажлыг үргэлжлүүлэх тухай улиг болсон яриаг л үргэлжлүүлэх гэж байна.

Тухайлбал Байгаль, орчин ногоон хөгжлийн сайд Д.Оюунхоролын тайлбарлаж байгаагаар бол хэд хэдэн ажлыг хийнэ гэнэ. Үүнд:

1-Байгальд ээлтэй инноваци хөгжүүлнэ

2-Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттай бууруулна

3-Хот байгуулалт, дэд бүтцийг шийднэ

4-Авто тээврийн утааг бууруулах ажлыг хийнэ

5-Агаар орчны бохирдлыг бууруулах удирдлага санхүүжилтийг шийднэ

6-Иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд үзэл суртлын ажлыг хийнэ гэнэ.

Ярих нэг хэрэг. Харин хэрэгжүүлэх арга замаа зөв тодорхойлох нь чухал. Засгийн газрын хуралдааны дараа хийсэн БОНХ-ын сайд Д.Оюунхоролын мэдээллээс харахад нэг л сайхан үг үсэг бүхий төлөвлөгөө батлагдчихсан гэнэ.

Улаанбаатар хотын түүхий нүүрсний хэрэглээг ойрын хугацаанд  50 хувь бууруулна. Яаж гэхээр хариулалт алга. Өмнө нь бас л ийм үг хэлээд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан. Үр дүн алга. Тухайлбал түүхий нүүрсний хэрэглээг хязгаарлаж, бүс тогтоосон. Сайжруулсан түлш үйлдвэрлэх нэрээр хэдэн зуун тэрбум төгрөгийг үрсэн. Тухайлбал 2-р цахилгаан станц дээр түшиглэн сайжруулсан түлшний үйлдвэр барина гэж байлаа. Харамсалтай нь уг үйлдвэр байгуулагдаж чадалгүй дампуурсан гэхэд болно. Харин өнөөх үйлдвэрт зарцуулсан гэх 20 гаруй тэрбум төгрөг салхинд хийсээд алга болсон билээ. Яг л үүн шиг ажлыг хийх юм биш биз.

 Агаар бохирдуулсны төлбөрт жилдээ Улсын төсөвт 22 тэрбум төгрөг цуглардаг. Энэ мөнгөний 20-30 хувийг л агаарын бохирдлыг бууруулах ажилд зарцуулж байна. 2017 онтой ижилхэн худлаа хий хоосон, үр дүнгүй ажилд үрээд дуусдаг гэсэн үг. 2025 он хүртэл Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд 9,9 их наяд төгрөгийг зарцуулна гэж байгаа. Салхинд хийсгэж, 198 мянган гэр хорооллын айл өрхийн нэг ч янданг устгаж чадаагүй 9,9 их наяд төгрөг үргэдчих вий дээ. Түүний оронд дэд бүтцийн томоохон шинэчлэл хийж, орон сууцжуулах юм бол үр дүн харьцангуй сайн гэдгийг гадны туршлага хэлээд байна.