4 тэрбум гэдэг тоон дүн тун чиг хоржоонтой гарч ирлээ. Уг нь энэ мөнгөн дүн нь 2021 оны 8 дугаар сарын сүүлээр Тэрэлжид болсон нууц уулзалтаар анхлан гарч сонсогдож эхэлсэн тоо. Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ сайд нараа дагуулан УИХ-ын гишүүдийг хамруулсан Төсөв-2022 нууц уулзалтаар анх 4 тэрбум төгрөг гэдэг тоон дүн яригдсан юм билээ.
Тодруулах юм бол УИХ-ын гишүүн бүр тойрогтоо хөрөнгө оруулалт хийх 4 тэрбум төгрөгийг Засгийн газраас 2022 оны төсөвт албан ёсоор суулгаж өгнө. Тэрхүү 4 тэрбум төгрөгөө хэрхэн захиран зарцуулахаа УИХ-ын гишүүн мэднэ. Тойрогтоо жорлон барина уу, заал байгуулна уу хамаа байхгүй. Бас тэр байгууламжаа хэнээр хийлгэж, хэрхэн бариулах нь ч маньд падьгүй. Гагцхүү 4 тэрбум төгрөгийг захиран зарцуулах эрх мэдэлтэй болсон УИХ-ын гишүүн нь Засгийн газрынхаа өөдөөс сарвалзаад байхгүй, Л.Оюун-Эрдэнэ гэдэг улс төрчийг оролдохгүй, сайдаа огцруулаачээ гэж шахалт үзүүлэхгүй, нүд нь тагларч, чих нь бөглөрч, ам нь үдэгдэх үүрэгтэй. Ийм тохиролцоог эрх баригч намын эрхэм гишүүд Тэрэлжид болсон нууц уулзалтаар хүлээн зөвшөөрч алга хавсарч, амжилт хүссэн юм билээ.
2022 оны төсөв хэлэлцэж эхлэхтэй зэрэгцэн Засгийн газраас гишүүдэд өгч буй ХУУЛЬ ЁСНЫ АВЛИГА нь албажихаар хэлэлцүүлгийн шатандаа орчихлоо. 4 тэрбум төгрөг тойрогт хуваарилж буй нь албан ёсоор гишүүдийг авлигадаж буй хэлбэр хэмээн Эдийн засагч Оюун зэрэг тоо мэддэг хүмүүс эгдүүцэн байж илэрхийлжээ.
2000-аад оны эхэн үед 10,000,000 төгрөгөөр эхэлж байсан энэ мөнгө ийнхүү 2022 онд зүсээ хувилгах бус зүгээр л ил цагаан гишүүдийг тойргийн мөнгө гэсэн гуншинтайгаар 4,000,000,000 / дөрвөн тэрбум / төгрөг болоод ороод ирлээ. Ил цагаан авч өгөлцдөг авлигын мөнгө нь ийнхүү 4 тэрбум төгрөг болсон гэдгийг гэрчлэх бас нэг үйл явц өрнөв.
Сангийн сайд Б.Жавхлантай УИХ-ын гишүүн асан С.Жавхлан уулзалт зохион байгуулжээ. Уг уулзалтаар хөндөгдсөн асуудал нь УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан Монгол орноо тойрон тоглолт зохион байгуулна. Тэрхүү тоглолтын зардал нь 4 тэрбум төгрөг болно. Тэр мөнгийг Засгийн газар өг. Өгөхгүй бол жагсаал хийнэ гэсэн хэмээн Сангийн сайд Б.Жавхлан хэлээдхэв. Харин төв талбайд суулт зарлаад байгаа С.Жавхлан уулзсан, гэхдээ нүүр нүүрээ хараад ярилцая, хэн нь худлаа хэлээд байгаагаа хэлэлцье гэсэн хариулалт өгчээ.
Энэ бүхнээс харахад улстөрчдийн авч өгдөг авлигын доод хэмжээ нь 4 тэрбум төгрөгт хүрчихсэн юм байна л даа. Энэ нь бүүр ил цагаан, хууль ёсны төлбөр тооцоо мэт болчихжээ. Ингэж нэг нэгэндээ барьцаалагддаг, нэг нэгнээ шантаалчилж, буланд шахдаг, амыг нь үддэг авлигын мөнгөн дүнг өөгшүүлсээр байх уу?
Хэрэв 76 гишүүн тус бүр 4 тэрбум төгрөг гэж тооцох юм бол 304 тэрбум төгрөг. Энэ нь төсвийн алдагдал болох 2 их наяд төгрөгийн 15 хувь. Бага мөнгө биш. Юун 60 тэрбум төгрөг вэ? Зүгээр л татвар төлөгч та бидний 304 тэрбум төгрөгөөр гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалаа авлигадаад сууж байна.