Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний тангараг өргөнө

Ц.Идэрбат, Э.Батшугар нар УИХ-ын гишүүний тангараг өргөнө

УИХ-ын сонгуулийн 18 болон 28 дугаар тойрогт явагдсан нөхөн сонгуулийн дүнг даваа гарагт өргөн мэдүүлсэн билээ. Сонгуулийн Ерөнхий хорооны албан ёсны дүнг хүлээн авсны дараа УИХ-ын чуулганаар шинэ гишүүдийг тангараг өргүүлэх хуулийн зохицуулалттай. Тэгвэл УИХ-ын гишүүнээр шинээр сонгогдсон Ц.Идэрбат, Э.Батшугар нар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ.

Хэнтий аймгийн 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Ц.Идэрбат хамгийн олон буюу 17264 санал авсан бол СХД-ийн 28 дугаар тойргийн нөхөн сонгуульд тус намаас нэр дэвшигч Э.Батшугар 28537 сонгогчийн санал авсан тул  УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцох тухай СЕХ-ны тогтоол гарсан юм.

Энэ сарын 10-нд явуулсан нөхөн сонгуулийн ирц 18 дугаар тойрогт 37.04 хувь, 28 дугаар тойрогт 39.61 хувь болж, сонгогчдын нэрийн жагсаалтад бичигдсэн нийт сонгогчдын тавь буюу түүнээс дээш хувь нь санал хураалтад оролцоогүй тул ирц 50 буюу түүнээс дээш хувьд хүрээгүй нийт 131 хэсэгт энэ сарын 16-нд нэмэлт санал хураалт явуулсан. Ингэснээр 18 дугаар тойргийн нөхөн сонгуульд сонгогчдын 46.65 хувь нь, 28 дугаар тойрогт 48.89 хувь нь оролцжээ.