Нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ

Нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ

Манай улс БНХАУ-тай найман боомтоор харилцдаг. Өнөөдөр дөрөв нь цар тахлын улмаас түр ажиллахгүй байгаа юм. Нүүрс тээврийн асуудлаар  Зам, тээврийн хөгжлийн яамны Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Жаргалсайхан мэдээлэл өглөө.

Тэрээр "Гашуунсухайт боомтод хатуу хяналттай байж халдвараас сэргийлж чадаж байсан ч зургаадугаар сард халдварын тархалт нэмэгдэж жолооч, боомтын ажилчид халдвар авснаас үүдэн хэвийн ажиллах боломжгүй болсон. Ингээд 1700 орчим хүнийг гурван удаагийн шинжилгээнд хамруулж халдварыг хумьж ногоон бүс болгосон. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж, хэвийн ажиллах боломж бүрдсэн юм. Түүнчлэн өдөрт гарах тээврийн хэрэгслийн тоо 380-415 болсон. Энэ зохион байгуулалт, сахилга батаа хадгалж чадвал дээрх тоо нэмэгдэж, нүүрс тээврийн экспорт хэвийн үргэлжилнэ.

Нүүрсний экспортын тээврийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 185 дугаар тогтоолын дагуу Гашуунсухайт боомтод чингэлэг тээврийн терминал байгуулан ашиглалтад оруулсан бөгөөд одоогийн явагдаж буй тээвэрлэлттэй зэрэгцүүлэн уг терминалаар дамжуулан нүүрсийг чингэлэгт тээвэрлэх бэлтгэл ажлыг хангаж байна” гэлээ.