Москвад 60-аас дээш насныхан өнөөдрөөс эхлээд дөрвөн сар тусгаарлагдана

Москвад 60-аас дээш насныхан өнөөдрөөс эхлээд дөрвөн сар тусгаарлагдана

ОХУ-д коронавируст халдварын шинэ давлагаа эхэлсэнтэй холбоотойгоор нийслэл Москва хотод өнөөдрөөс хязгаарлалтуудыг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхээр болсон байна. Хотын мэр Сергей Собянины тушаалаар гаргаж буй уг хязгаарлалтуудын зарим нь өнөөдрөөс хэрэгжиж эхэлсэн бол зарим нь лхагва гарагаас хэрэгжих гэнэ.

Тухайлбал, өнөөдрөөс эхлээд архаг хууч өвчтэй 60-аас дээш насны иргэдийг гэрээсээ гарахыг хориглож, тусгаарлалтын дэглэмд оруулжээ. Энэ журам дөрвөн сар буюу аравдугаар сарын 25-наас 2022 оны хоёрдугаар сарын 25 хүртэл дөрвөн сарын турш хэрэгжих гэнэ.  Гэхдээ сүүлийн хагас жилд энэ өвчнөөр давтаж өвдсөн хүмүүст энэ шийдвэр хамаарахгүй ажээ.     

С.Собянины шийдвэрт мөн ажил олгогчдод хандаж, ажлын байранд нэг зэрэг байх хүмүүсийнхээ тоог хамгийн багадаа 30 хувиар бууруулахыг үүрэгджээ.

-Өнөөдөр буюу даваа гаригийг Самара, Нижегород, Новгород, Воронеж, Курск, Перм зэрэг зургаан мужид ажлын бус өдөр болгосон.

-Энэ сарын 28-наас ирэх сарын 7 хүртэл Москва хотод тусгаарлалтын дэглэм тогтооно. Дэлгүүр, ресторан болон олон нийтийн үйлчилгээний байгууллагууд ажиллахгүй.

ОХУ-д халдварын тохиолдол огцом нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс шинэ давлагаа эхэлсэн гэж үзэж байгаа юм.