Монгол Улсын төсвийн дийлэнх хэсэг нь уул уурхайн экспортын орлогоос бүрддэг. Тэр дундаа нүүрс, зэс, төмрийн хүдэр борлуулсан орлого гол хэсгийг бүрдүүлдэг билээ.
Жил бүрийн төсвийн алдагдал нэмэгдэж, хойд хормойноосоо авч урд хормойгоо нөхдөг гажуудлыг бий болгодог зүйл нь төсөв дээр хэт их түүхий эд борлуулж, хэдэн төгрөг олно гэсэн ойворгон бодлоор сангийн яам улсын төсвийг зурдагтай холбоотой.
Тухайлбал 2022 онд 36 сая тонн нүүрс борлуулна хэмээн төсвийн төсөлдөө тусгачихжээ. Гэтэл бодит байдал дээр энэ нь хэрэгжих боломжтой эсэх дээр уул уурхайн салбарынхан эргэлзэж баайна. Монгол улс нүүрсээ зарна гээд хэлэх шиг амархан зүйл байхгүй. Харин худалдан авах тал буюу БНХАУ-ын зүгээс хилээ ямар байлгах, хэрхэн халдвар хамгааллын дэглэм мөрдүүлэх, хэдэн шаардлагыг хэр хугацаанд бидэнд тавих зэрэг нь нүүрсний борлуулалттай шууд уялдаа холбоотой.
БНХАУ нь жилдээ 70 орчим сая тонн кокжих зэрэглэлийн нүүрсний хэрэглээтэй. Тус улс нь нүүрсээ Австрали, ОХУ, Монгол зэргээс авдаг. Монгол улсаас авдаг нүүрсний хэмжээ өсөх бус буурч буй нь өнгөрсөн хоёр жилийн борлуулалтаас харагдаж баайна. 2021 онд 15 хүрэхгүй сая тонн нүүрс борлуулах дүр зураг ажиглагдаж байгаа. Гэтэл дараа жил 36 сая тонн гэсэн том тоог төсөвтөө суулгаад явж байгаа нь хачирхалтай.
Нүүрсний борлуулалтад чухал нөлөөтэй нэг хүчин зүйл нь тээвэрлэлт. тээвэрлэлт дотор зам харгуй чухал. Бид нүүрсээ авто машинаар зөөвөрлөж байгаа. 2022 онд энэ байдал үргэлжлэх төлөвтэй байна. Угтаа бол төмөр замаар тээвэрлэх ёстой ч өнөөх л цариг ярьсаар цаг хугацаа алдаж, боломжоо салхинд хийсгэчихсэн билээ.
Харин бидний хойд хөрш болох ОХУ-ын хувьд урд хөрш болох БНХАУ-тай нарийн цариг гэгчээр холбогдон уул уурхайн бүтээгдэхүүнээ борлуулаад эхэлчихлээ. Харин Монгол улс дотооддоо энэ хэрүүлээ хийсээр өнөөдөртэй золгож байна.
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 257 км төмөр замын ажил дуусах дөхөж буй. Гэхдээ цариг нь өргөн. Иймээс нарийн болгох асуудлыг хөндөх ёстой. Хэрэв нарийн болгочихвол шууд л урд хилээрээ БНХАУ-ын төмөр замтай холбогдож шилжүүлэн ачих зэрэг нэмэлт зардал гарахгүйгээр асуудлаа шийдэх боломж бүрдэнэ. Иймээс энэ асуудалд төр засаг 36 тонн нүүрс борлуулая гэж бодож л байвал анхаарах ёстой юм.
Энэ мэтээр асуудлаа шийдэхгүйгээр жилдээ 36 сая тонн нүүрс борлуулна гэдэг бол мөрөөдөл юм. Тэр дундаа БНХАУ-тай хэлэлцээ хийж худадан авах гэрээг нь байгуулах ёстой. Хоёрдугаарт тээвэрлэлтийн нарийн асуудлаа шийдвэрлэх нь чухал. Хил дээр гацахгүй байх боломжоо бүрдүүлэхгүйгээр 36сая тонн нүүрсийг бид зарж чадахгүй ээ.