62-оор хүчиндэж хууль батлах гэж улайрдагаа боль МАН

62-оор хүчиндэж хууль батлах гэж улайрдагаа боль МАН

МАН бяртай байна. Үнэхээр бяртай байгаа. Гэхдээ тэд балаг тарьж болохгүй. Өнөөдөр УИХ-д өргөн баригдаж, хэлэлцүүлэгт орж буй хуулийг харах юм бол дутуу боловсруулсан, лоббид автсан, эрх ашигт хүлэгдсэн, нийтийн бус нэг хэсэг бүлэг этгээдийн ашиг сонирхолд нийцүүлэх гэсэн хуулийг өргөн барьж хэлэлцүүлдэг болжээ. 

Олон нийтийн санаа бодол чухал биш мэт аашилж буй дүр зураг эрх баригч МАН-аас үнэртэж, бас ажиглагдах болов. Угтаа бол олны итгэл даасан МАН гэдэг нам УИХ-д 60 гаруй  суудалтай гэдэг утгаараа харин ч аядуу зөөлөн байж асуудлыг ул суурьтай, ухаан зарж шийдвэрлэх ёстой баймаар юм. Гэтэл тийм биш бололтой. Сүр хүчээр далайлгаж шийдвэрээ гаргах гэж зүтгэдэг болжээ. 

УИХ-д өргөн баригдсан МАН-ын тодотголтой гишүүдийн барьж буй хууль бүр нь араасаа хэл ам таталж, олон нийтийн эрх ашиг, улс орны эрх ашиг хөндөгдөж буй нь анхаарал татаж байна. 

Тухайлбал 2022 оны төсвийн тухай хууль. Энэ хуулийн зарлага нь 18 их наяд төгрөг. Орлого нь 16 их наяд төгрөг. Алдагдал нь 2 их наяд төгрөг. Эдийн засаг агшиж, орлого хумигдаж, цар тахлаас үүдэлтэй үүсч болзошгүй эрсдэлтэй байхад бүсээ чангалах байтал тэлчихсэн. тэр дотроо өөрсдөө хувааж идэх хүслээ хангасан төсвийг оруулж ирээд хүч түрэн хэлэлцэж байна. Тухайлбал хуулиар гүйцэтгэх засаглал нь хууль тогтоох засаглалдаа авлига өгч байгаа жишээ бол гишүүний 4 тэрбум төгрөг юм. 

Үүнээс гадна Х.Булгантуяа нарын санаачилсан Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль байна. Мөн Аюурсайхан нарын санаачилсан бас нэг хууль балаг тарьж мэдэхээр л дүрслэл харагдаж байна.