Улаагнбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн даргыг томиох асуудал хэдэн сар гацав. Монгол Улсын Засгийн газраас нэр дэвшүүлсэн эрхмүүд Оросын талд үл таалагдсан гэдэг шалтгаанаар онхолдсон.
Үнэн хэрэгтээ Зам тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ энэ асуудлыг шийдүүлэх гэж зунжин, намаржин оросуудтай ярив. Гэвч үр дүн алга. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын даргаар Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн, Ц.Хүрэлбаатар нарын нэр дэвшүүлсэн ч тухай бүр өвдөг шороодсон. Хамгийн сүүлд энэ сарын дундаар мөн л эдгээр гурван эрхэмийн аль нэгийг УБТЗ-ын даргаар томилох хүсэлтэй гэдэг болзлоо Оросын талд тавьсан ч мөн л бүдэрчихээд байна. Ингэж зүтгүүлж буй шалтгааныг Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар болон Зам тээвэр хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ нарын улайрал. Тэд л өөрийн гар хөл болчих хүнээ зүтгүүллээ. Түүнээс чадвартай, мэдлэгтэй дарга тавьчихая гэж ажилласангүй гэдэг шүүмжлэл МАН дотроос гарчээ. Учир нь Оросуудын зүгээс Г.Сэрээнэндорж, Б.Даваасүрэн нараас татгалзсан гол үндэслэлээ авлига хээл хахуулийн хэрэгт нэр холбогдсон учир боломжгүй гэчихсэн. Харин Ц.Хүрэлбаатарыг Л.Халтар гэдэг хүний өв залгамжлагч гэдэг утгаар нь дэмжихгүй гэсэн бололтой.
Иймээс УБТЗ-ын даргад Х.Хэрлэн гэдэг хүний нэрийн дэвшүүллээ гэдэг бор шувуу нисч эхэлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктай уулзах үедээ энэ асуудлыг хөндсөн гэдэг албан бус мэдээлэл гараад буй. Энэ мэдээлэл нь оргүй зүйл бол биш. Х.Хэрлэн нь У.Хүрэлсүхийн дэмжлэгтэйгээр албан тушаалд очдог гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг. Хэнтий аймгийн гаралтай түүний хувьд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс дэмжлэг авах боломжтой. Дээр нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дэмжчихэнэ. Иймээс Х.Хэрлэнг ногоон гэрлээр УБТЗ-ын дарга болно гэсэн хүлээлт нэг хэсэгт бий болжээ.
Гэвч бас тийм биш бололтой. МАН-ын улс төрчдийн дунд яагаад заавал Х.Хэрлэн гэж. Хэнтийн хүн бүр том албанд очих ёсгүй. Ингэж явцуу эрх ашгаар асуудалд хандахгүй байх хэрэгтэй гэсэн талцал үүссэн гэнэ. Энэ тухай гомдол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар дээр уван цуван ирж буй бололтой. Иймээс шууд Х.Хэрлэнг зүтгүүлэхийн оронд А, Б хувилбарыг Оросын талд явуулах талаар МАН-ын удирдлагын түвшинд яригдаж эхэлжээ.
Учир нь Х.Хэрлэнг нэр дэвшүүлэх яриа гарахтай зэрэгцэн УБТЗ-ын ажилчдын зүгээс эсэргүүцэл бичиг илгээж, ажил хаялт хүртэл зарлах тухай мэдэгдэл гаргасан. Үүний цаана Л.Халтар тэргүүтэй улс төрчид байж болзошгүй тухай бор шуваа МАН-ын байшинд нисч эхэлсэн байна. Х.Хэрлэнтэй зүйрлэгдэж явах улс төрчийн нэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн халаасанд буй бололтой. Энэ томилгоог Л.Оюун-Эрдэнэ хийх үү? Эсвэл Д.Амарбаясгалан хийх үү гэдэг сонголт үүсч буй гэсэн яриа улс төрийн хүрээнд гараад байна.