Оюу толгойн захиалгаар Ч.Сайханбилэг сандран мэдэгдэл хийв үү?

Оюу толгойн захиалгаар Ч.Сайханбилэг сандран мэдэгдэл хийв үү?

Оюу толгой төслийн хөрөнгө оруулагч талтай яриа, хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар ороод чамгүй хугацаа өнгөрч байна. 2015 онд Ч.Сайханбилэгийн Засгийн газрын байгуулсан Дубайн гэрээг өөрчлөх, 2009 онд С.Баярын Засгийн газрын байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээнд сайжруулах зүйл заалт тусгах зэргээр яриа хэлэлцээ үргэлжилж буй тухай Засгийн газрын төлөөлөл мэдэгдэх болсон.

Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл болсон ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд ахалж буй. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдон очсон Солонго гэх бүсгүй маш том үүрэг гүйцэтгэж буй юм билээ. Оюу толгойн хөрөнгө оруулагч талыг буланд шахаж буулт хийлгэх замаар 4 ч удаа барьцаа ахиулсан ажлын хэсгийг алга ташин дэмжих нь зөв. Тэд өмнө нь хийж чадаагүй бүхнийг чадаж байна. Гэхдээ тайвшрах болоогүй.

Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 28 өдөр Засгийн газрын ажлын хэсэг Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай дахин ширээний ард сууж хэлэлцсэн. Энэ хэлэлцээний үед Засгийн газар буулт хийсэн захидлынх нь хариуг барьц ахиулах хэлбэрээр өгсөн гэдэг нь тодорхой гэж улс төрийн хүрээнийхэн ам булаалдаж байна. Далд уурхайн хөрөнгө оруулалтын зардлаа буруу тооцсон. Монгол Улсын Засгийн газрыг өрөнд оруулсан гэх мэт асуудлыг Оюу толгойн хөрөнгө оруулагч тал хүлээн зөвшөөрч буй учир Монгол Улсын Засгийн газар барьцаа ахиулах нь ойлгомжтой. Гэхдээ нөгөө талынхаа гэдэнг хөдөлгөж болохгүй. Ул суурьтай, ухаан зарсан хэлэлцээр болж буй гэдгийг гарч буй мэдээлэл, гар хөл болсон нөхдийнх нь мэдэгдэл илэрхийлж байна гэх явган яриа нийгмийн сүлжээнд өрнөж эхэллээ.

Тухайлбал өнөөдөр мандах нартай зэрэгцэн мэдэгдэл гэх утга агуулга бүхий видео цацагдав. Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюу толгойн асуудлаар ээлжит тайлбараа тавьжээ. 2015 оны Дубайн гэрээг байгуулсан автор болох Ч.Сайханбилэг биеэ өмөөрсөн утгатай энэхүү тайлбар нь өнөөдрийн Засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд хүрэх үндэслэл нь Дубайн гэрээ байсан гэдэг утга агуулгаар ярьж байх юм. Дубайн гэрээг хийж далд уурхайг ашиглалтад оруулах эхлэлийг тавьсан. Дэлхийн 15 банкинд Оюу толгойн хөрөнгө оруулагч талыг барьж өгсөн учир тэд цаг хугацааны хайчинд орж өнөөдөр Монгол Улсын Засгийн газарт буулт хийж буй юм гэдэг тайлбарыг шигтгэж өгсөн байна. Шууд үгүйсгэх боломжгүй. Гэхдээ үнэн хэрэгтээ энэ бүхэн нь өөрийнх нь үнэн бодол уу? Эсвэл өөр хэн нэгнийг явцуу эрх ашгийг хамгаалах гэсэн башир арга уу гэдгийг олон нийт дор бүрнээ таамаг дэвшүүлж сууна. Ч.Сайханбилэг гэдэг хувь хүн нь Монгол улсын эрх ашгийг хамгаалсан гэдэгт олон хүн эргэлзэж буй. Учир нь үнэнч шударга байсан бол өнөөдөр эх нутагтаа бардам алхах ёстой. Гэтэл хил давж явчихаад ирэхгүй хэрнээ хэдэн ухаантай үг хэлээд суугаа учраас хүн бүр эргэлзэж, хөөе Ч.Сайханбилэг гэдэг хүн чинь гадны гар хөл биш биз дээ гэсэн таамаг дэвшүүлж суугаа. Иймээс л хэлсэн үг нь эргэлзээ төрүүлээд байгаа гэдгийг иргэд бичиж эхэлжээ.

Оюу толгойн хөрөнгө оруулагч нар буулт хийж буй шалтгаан дотор яах аргагүй тэдний өр зээлний хугацаанд хавчуулагдсан хайчны асуудал бий. Оюу толгойн хөрөнгө оруулагч болох Рио Тинтогийн жижиг хувьцаа эзэмшигч нар гомдлож шүүхдэх дээрээ тулсан. Энэ бүхэн нь эргэж хургаад Рио Тинто гэдэг том компанийг тал бүрээс нь хэмлэж буйн эхлэл болчихоод байгаа. Энэ эмзэг үед нь барьж ахиулах хэлбэрээр Засгийн газар боломжоо ашиглаж байна.

Өчигдөр болсон ууллзалтын үр дүнг удахгүй бид мэдэх биз. Тэр болтол таамаг явна. Гэхдээ нэг л зүйл ойлгомжтой байгаа. Оюу толгойн хөрөнгө оруулагч талаас ирүүлсэн захидалд Засгийн газар хариу өгсөн. Хариу өгөхдөө 4 зүйл бүхий захидлыг үзлээ, харлаа, гэхдээ ахиад ийм санал байна. Шууд хүлээн авах боломж алга гэдэг үгийг шуудхан хэлчихсэн. Мэдээж хэрэг энийг ингэх саналтай байна. Тэрийг тэгчих л дээ гэх мэтээр дараагийн ярилцах зайгаа үлдээсэн гэдгээ ажлын хэсгийн гишүүд ам уралдан хэлж байна.