Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговьд өвөлжилт хүндэрч болзошгүй

Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговьд өвөлжилт хүндэрч болзошгүй

Улсын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ямар байгаа талаар Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батмөнхөөс тодрууллаа.

Бороо хур элбэгтэй зун, налгар намар болж өнгөрлөө. Өвөл хаяанд иржээ. Манай улс өвөлдөө бэлэн үү?

Өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаад дуусаж байна. Энэ намар цаг агаар сайхан байлаа. Хоёр түвшинд бэлтгэл ажлыг хангадаг. Малчдын түвшинд бэлдсэн өвс, тэжээлийн бэлтгэл ажлын дүн 89.5 хувьтай байна. Энэ бол өндөр үзүүлэлт юм. Тухайлбал, өвсийг 92.3 хувьтай бэлджээ. Түүнчлэн 632.8 тонн ногоон сүрэл, 100 мянган тонн ногоон тэжээл, 24 мянган тонн үйлдвэрийн тэжээл, 44 мянган тонн гар тэжээл бэлтгэжээ. Ийнхүү нийт 691 мянган тонн өвс, тэжээл бэлтгэсэн байна. Хадлангийн нөөц сайтай орон нутгуудад малчид, иргэд өвс бэлтгэхэд ямар нэг хүндрэл учрахгүй байгаа. Шууд талбай дээр нь очоод өөрсдөө бэлтгэх эсхүл иргэд, аж ахуйн нэгжийн бэлтгэсэн өвсийг 3000-4000 төгрөгөөр худалдан авах боломжтой байна. Харин газарзүйн онцлогоос шалтгаалаад говийн бүсийн аймгуудад хүндрэлтэй нөхцөл байдал бий болдог. Эдгээр аймгуудад хадлангийн нөөц талбай, шууд өвс бэлтгэх ажил хийгдэх боломж багатай учраас бусад аймгуудаас худалдан авалт хийдэг. Ингэхээр өндөр үнэтэй өвс авдаг. Хангайн бүсийн аймгуудад нэг боодол өвсийг 8000 төгрөгөөр бэлддэг бол говийн бүсэд 9000-10500 төгрөг болж байна. 

Аймаг, сумын өвс тэжээлийн аюулгүйн нөөц ямар байна вэ?

Өнгөрсөн жил өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн бүрдүүлэлт хангалтгүй буюу 40 гаруй хувьтай байсан. Энэ жилийн тухайд өвс, тэжээлийн аюулгүйн нөөцийн эцсийн дүн хараахан гарч амжаагүй байна. Говь, тал хээрийн зарим аймагт тендер шалгаруулалтаа хийж байгаа. Ерөнхийдөө аюулгүйн нөөцийг гурван төрлөөр бүрдүүлдэг. Урьдчилсан дүнгээр өнөөдрийн байдлаар ногоон тэжээл бэлтгэл 100 хувьтай байгаа бол өвснийх 52 хувьтай, тэжээлийнх 40 хувьтай байна. Аймаг сумд аюулгүйн нөөцийнхөө 63 хувийг бэлтгээд байна.

Энэ өвөл манай оронд хэдэн толгой мал өвөлжих вэ, түүнчлэн хэдийг нь эдийн засгийн эргэлтэд оруулах тооцоотой байна?

10 сарын 10-ны өдрийн урьдчилсан дүнгээр манай улсын бэлчээрт 83.3 сая толгой мал байна. Үүнээс 66.6 сая толгой мал өвөлжих тооцоо гарсан. Харин 16.7 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байгаа. Өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудад л хорогдол гардаг. Өмнө жил 5 аймагт өвөлжилт хүндэрч байлаа. Үүний улмаас Баянхонгор аймагт 2 сая толгой мал хорогдох тооцоо гарсан ч 600 мянган мал хорогдсон. Хорогдлыг бүх түвшинд бууруулах арга хэмжээ авч ажилласан.

Энэ жил нийт нутгаар өвөлжилтийн нөхцөл байдал ямар байхаар байна, өвөлжилт хүндрэх төлөвтэй аймгууд байна уу?

Найман сарын сүүлээр бэлчээрийн даацын дүн, судалгаа гардаг. Энэ дүнгээс харвал нийт бэлчээрийн 30 гаруй хувьд нь өвс тэжээлийн дутагдал үүсэхээр гарсан. Өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй 8 аймагт эрсдлийн үнэлгээ хийсэн. Түүнчлэн 21 аймагт нөхцөл байдлын үнэлгээ хийх ажлыг зохион байгуулж байна. Говь-Алтай, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгуудад бэлчээрийн ургамлын ургалт тааруу байсан учраас өвөлжилт хүндрэх эрсдэлтэй байгаа юм. Тухайлбал, Өмнөговь аймгийн баруун хэсгээр гандуу, нийт нутаг дэвсгэрийн 30 орчим хувь нь өвс сайтай байсан. Харин Дундговь аймгийн тухайд нийт бэлчээрийн 70 гаруй хувьд даац хэтэрсэн байгаа юм. Харин энэ жил хур тунадас арвин байсан хангайн аймгууд буюу Завхан, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймгуудад газар чийгтэй, есөн сарын сүүлээр цас орж, шөнөдөө хүйтэн байгаа учраас хэрвээ их хэмжээний цас орж, хүйтэрвэл бэлчээр дарагдах эрсдэлтэй байна. Цаг агаарын байдлыг тааварлашгүй. 2021 оны 3 сарын 12-ны өдөр нийт 12 аймгийн 50 гаруй аймагт хүчтэй шуурга болсон. Энэ шуурганы үр нөлөө мал аж ахуйн салбарт хүчтэй тусаж байлаа. Үүнээс хойш малын хорогдлын тоо нэмэгдсэн. 

Энэ жилийн тухайд отор нүүдлийг хэрхэн зохион байгуулах вэ?

Отор нүүдлийг өргөн хүрээнд зохион байгуулахгүй, орон нутагт нь зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Гол асуудал нь олон сая толгой малыг өөр аймаг, орон нутагт өвөлжүүлж хаваржуулахад асуудлууд тулгардаг. Тухайлбал, малчдын хүнс, түлээ, эрүүл мэндийн асуудал гээд хүндрэл учирдаг. Иймээс энэ жил орон нутаг нь отор нүүдлийн асуудлыг зохион байгуулна. Сум дундын отрын нөөц нутаг бий болгох чиглэлд судалгааны ажлуудыг 2019 оноос хойш хийж, 6 аймагт отрын нөөц нутгийг бий болгосон. 1.9 сая га талбайг отрын нөөц нутаг болгож ашиглах боломжтой гэсэн тооцоотой. Түүнчлэн аймаг дундын отрын нөөц нутгийн хэмжээ 783 мянган га байна. Аймаг, сум, багийн түвшинд нөөц нутгийг цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд нийт нутгийн бэлчээрийн 10 хувийг нөөцлөн ашиглахаар заасан юм.